ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД АНУ-Д АЙЛЧЛАХ ҮЕЭРЭЭ ЧУХАЛ УУЛЗАЛТ ХИЙЖ, ДИПЛОМАТ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭВ
Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Парнпри Бахиддха-Нукара энэ Даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзаж, бүс нутаг болон олон улсын хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах талаар ярилцав.
Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкений урилгаар тус улсад гурван өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын зорилго нь хоёр улсын 200 орчим жил үргэлжилсэн бат бөх харилцаа, стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх явдал байв. Энэхүү айлчлал нь өнгөрсөн сард Тайландын Хаант Улсад айлчилсан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны айлчлалын дараа болж байгаагаар онцлог болж байна. Үүний зэрэгцээ Гадаад хэргийн сайд Парнпри, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар Тайланд-АНУ-ын түншлэл, стратегийн хамтын ажиллагаа, тухайлбал Бангкок хотноо Стратегийн болон батлан хамгаалахын 2 дахь яриа хэлэлцээ болон эдийн засгийн түншлэлийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүч чармайлтын талаар ярилцав.
Уулзалтын үеэр Мьянмар дахь нөхцөл байдал, Израил, Газын зурвас, Украин дахь мөргөлдөөн зэрэг бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Гадаад хэргийн сайд Парнпри мөн Тайландын Хаант Улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов. Тэрбээр АНУ-ын сенатын гишүүн Кристофер Ван Холлентай уулзаж, Мьянмарын нөхцөл байдал, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд АНУ-Тайландын холбоотны бүлэг байгуулах зэрэг Тайланд-Америкийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.
Түүнчлэн тэрбээр АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондотой уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар ярилцжээ. Талууд АНУ-ын цэргийн академид суралцаж буй Тайландын цэргийн албан хаагчдын квотыг нэмэгдүүлэх, зэвсэгт хүчнийг шинэчлэх, цэргийн эмнэлгийн сургалтын чиглэлээр хамтран ажиллах зэрэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мөн ярилцсан байна.
Эх сурвалж: The Nation Thailand