ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС ХООРОНД ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭВ
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр болон хоёр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч Ранил Викремесингхийн хамт оролцжээ.
Энэхүү баримт бичиг нь Ерөнхий сайд Сетта Тависины Засгийн газрын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд тус улсын Засгийн газраас чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Мөн энэ үеэр хоёр улсын агаарын тээврийн худалдаанд учирч буй саад тотгорыг багасгах, хөнгөвчлөх зорилготой агаарын харилцааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Тайландын Үндэсний үнэт чулуу, эдлэлийн газар болон Шри Ланкийн үнэт чулуу, үнэт эрдэнийн судалгаа, сургалтын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг тус тус байгуулжээ.
Тайланд Хаант Улс Андаманы далайг Тайландын булантай холбосон хуурай газрын гүүр төслөөр Зүүн Өмнөд Азийн логистикийн төв болохыг зорьж байгаа юм. Энэхүү төсөл нь Номхон тэнгис болон Энэтхэгийн тэнгис хоорондын тээврийн хугацааг багасгах зорилготой ажээ. Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс Тайландын “Landbridge” төсөл болон Шри Ланкийн Коломбо боомтоор дамжуулан холболт, дэд бүтцийг сайжруулахад хамтран ажиллах боломжтой гэж Тайландын Хаант Улсын мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: Nation Thailand