images

ТАЙЛАНДЫН ПОЛО ХОЛБОО 20 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-02-07

86

Энэхүү арга хэмжээ нь Тайландын полог олон улсын жишигт хүргэхийн төлөө зүтгэсэн тус холбоог үүсгэн байгуулагч Вичай Шриваддханапрабхагийн алсын харааг мөнхлөх зорилготой юм. Тус тэмдэглэлт арга хэмжээнд Тайландын Поло спортын холбооны Ерөнхийлөгч Каноксакди Бинсаенг болон Тайландын үндэсний поло спортын тамирчид болох Айяватт Шриваддханапрабха, Апичет Шриваддханапрабха, Плой Бинсаенг, Чоннарлит Томонгкон нар оролцсон байна.

Тайландын Поло спортын холбооны Ерөнхийлөгч Каноксакди хэлэхдээ, тус холбоо нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Тайландын полог дэлхий дахинаа сурталчилж, олон улсын нэр хүндтэй тэмцээн, пологийн томоохон арга хэмжээг зохион байгуулж, Тайландын полог өргөн хүрээнд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж хэлэв. Тус холбооны одоогийн зорилго нь 2025 онд болох Зүүн Өмнөд Азийн 33 дахь удаагийн наадамд поло спортыг оруулах, Тайландын Хаант Улсыг зохион байгуулагч улс болгохын төлөө идэвхтэй дэмжих явдал юм. Тус холбоо нь олон улсын стандартад нийцсэн тэмцээний талбай, морь, боловсон хүчин, техник хэрэгсэл зэрэг бүхий л талаар бэлтгэлийг сайтар хангасан байна.

Тайландын Пологийн холбооноос зохион байгуулах 2024 оны тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд нийт дөрвөн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний тэмцээн нь энэ 2 дугаар сарын 4-10-ны хооронд болох Бүх Азийн цомын төлөөх тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээнд Бруней, БНХАУ, Филиппин, Монгол Улс, Тайландын Хаант Улсын баг тамирчид оролцож байна. Бүх багууд эрчимтэй бэлтгэл хийсэн гэж үзэж байгаа тул тэмцээн өрсөлдөөнтэй болно гэсэн хүлээлт өндөр байна. Түүнчлэн тус арга хэмжээ нь Тайландын Поло холбооны ололт амжилтыг тэмдэглэж, тус холбооны 1998 оноос өнөөг хүртэлх хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнд тус холбооноос амжилттай зохион байгуулсан тэмцээн болох Бүх Азийн цом, Элчин сайдын цом, Олон улсын эмэгтэйчүүдийн поло тэмцээн, мөн удахгүй болох Тайландын поло спортын аварга шалгаруулах тэмцээнээс авсан нэр хүндтэй цомыг харуулсан байна. Энэхүү арга хэмжээнд Соня Коулинг, Шририта Женсен Наронгдеж, Анусорн Манетед, Валайлак Мусикаподок, Нават Кулраттанак зэрэг поло сонирхогч алдартан нар хүрэлцэн ирж оролцсон байна.

Тайландын Поло холбооноос зохион байгуулж буй 2024 оны Поло тэмцээнийг Singha Corporation Co. Ltd, King Power Group, Siam Commercial Bank PCL, Plan B Media PCL болон  Charoen Pohphand Group Co., Ltd ивээн тэтгэж байна. Тус холбооны Facebook/Instagram хуудсаар зочилж Тайландын Поло холбооноос зохион байгуулж буй поло тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах болон тэмцээний шууд дамжуулалтыг үзэх боломжтой.

Эх сурвалж: The Nation Thailand