УРГАМЛЫН ГЕН ЗАСВАРЛАХ ТЕХНОЛОГИ ДЭМЖЛЭГ АВАВ
Тайландын Хаант Улсын Хөдөө аж ахуй, хоршооллын яамнаас уур амьсгалын өөрчлөлтийн улмаас доройтоод буй хөдөө, аж ахуйн салбарыг бэхжүүлэх зорилгоор ургамлын ген засварлах шинэ технологийг нэвтрүүлэхээр болов. “Уур амьсгалын өөрчлөлт, шинээр гарч буй ургамлын өвчлөлтийн эсрэг орчин үеийн дэвшилтэт биологийн технологи” сэдэвт бага хурлын үеэр тус улсын Хөдөө аж ахуйн сайд Таманат Промпов ургац тариалалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглах тариаланчдад бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах аливаа эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой бөгөөд тус яам ургамлын ген засварлах технологийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр энэхүү технологийг хөгжүүлэх болон ашиглахад дотоод болон гадаадын түнш, тэр дундаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон гадаад улсаас Тайландын Хаант Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа чухал бөгөөд ген засварлах технологийг ашиглахад саад болж буй аливаа бодлого, журамд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулна гэдгээ мэдэгдэв. Ургамлын ген засварлах технологийг 2013 оноос эхлэн хөгжүүлж байгаа бөгөөд ген засварлахдаа “Crispr” буюу ургамлаас генийн бүтэц, уураг болон рибонуклейн хүчлийг салган авч, засварлах боломжтой аж. Хөдөө аж ахуйн сайд Таманат Промпов шинэ технологийг эдийн засгийн ач холбогдол бүхий ургац, тухайлбал цагаан будаа, шуулж (cassava) болон резиний ургамалд ашиглана гэж мэдэгдсэн бол тус яамны Хөдөө аж ахуйн газрын захирал Рапипат Чандарасривонгс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ургамлын ген засварлах технологийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд энэхүү технологи нь ургамлын гений хөгжлийн ирээдүй болно гэдгийг онцлов.
Эх сурвалж: Bangkok Post