images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА СЭРГЭЭХИЙН ТУЛД БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙГААГ ЭКСПЕРТҮҮД АНХААРУУЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-01-24

151

Тайландын Хаант Улс өрсөлдөх чадвараа сэргээхийн тулд төрийн зохицуулалтыг халах, боловсон хүчнийг давтан сургах, технологи нэвтрүүлэх зэрэг бүтцийн үндсэн шинэчлэл хийх шаардлагатай байгааг энэ Даваа гарагт болсон Киатнакин Фатра санхүүгийн групп-ээс зохион байгуулсан уулзалтад оролцсон экспертүүд мэдэгдсэн байна. "Тайландын сэргэлт: цаашид улсаа хэрхэн хөгжүүлэх вэ" сэдэвт уулзалтаар ирэх арван жилд тус улсын ДНБ-ий өсөлт ердөө 3 хувиар хязгаарлагдах магадлалтай байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөөс хоцрох эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Тайландын Хөгжлийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх Сантитарн Сатхиратхай шинэчлэл хийх дараах  дөрвөн үндсэн чиглэлийг тодорхойлсон байна. Эдгээр нь: хөрөнгө оруулалтын нээлттэй байдал, төрийн зохицуулалтын шинэчлэл, цахим болон ногоон эдийн засгийн хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулах, хүний нөөцийн шинэчлэл зэрэг болно. Тэрбээр Тайландыг хүч чадалдаа тулгуурлан өрсөлдөж чадахаа больсон ахмад настай тамирчинтай зүйрлэжээ. "Тиймээс бид зөв арга хэрэгсэл, тактик, ур чадвар, мэдлэгийг ашиглан илүү ухаалаг өрсөлдөх ёстой" гэж тэрбээр хэлэхдээ хиймэл оюун ухаан нь тус улсын дутагдалтай талыг даван туулахад ашиглаж болох арга хэрэгслийн нэг юм гэдгийг онцолжээ. Тайландын нэрт сэтгэгч Саравуд Хенсавас (зохиогчийн нууц нэр нь "Roundfinger") хэлэхдээ тус улсын ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх, хүн бүр, ялангуяа залуу үеийнхэн оролцох боломжтой илүү олон технологийн платформ шийдлээр хангах замаар олон нийтийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна. "Хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох нь улсынхаа нөөц бололцоог бүрэн ашиглахын зэрэгцээ цаашид тулгарах олон төрлийн сорилтод бэлэн байх байдлыг нэмэгдүүлэхэд тусална" гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: The Nation Thailand