images

ТАЙЛАНДЫН ДНБ 4.4 ХУВИАР ӨСНӨ, ГЭХДЭЭ ЭНЭ НЬ БОГИНО ХУГАЦААНД БАЙХ БОЛНО ГЭДГИЙГ ОУВС-ААС МЭДЭГДЭВ

МЭДЭЭ

2024-01-24

134

Олон улсын валютын сан (ОУВС)-аас Тайландын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2024 онд өнгөрсөн онтой харьцуулахад 4.4 хувиар өснө гэж төсөөлж байгаа нь богино хугацааны төсвийнстимулус буюу мөнгөний нийлүүлэлттэй холбоотой юм. Гэсэн хэдий ч 2025 он гэхэд өсөлтийн хурдац жилээс жилд 2 хувь болж буурах төлөвтэй байна. ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөл энэ Даваа гарагт нийтэлсэн “2023 оны Тайландын Хаант Улстай хийсэн ОУВС-ийн Дүрмийн IV заалтын Ажлын хэсгийн уулзалт”-ын тайландаа хэдийгээр инфляци буурч байгаа ч тус улсын эдийн засгийн сэргэлт удааширч байна гэж дүгнэжээ. ОУВС-гийн мэдээлснээр Тайландын эдийн засгийн өсөлт 2022 онд 2.6 хувьтай байсан бол 2023 оны эхний гурван улиралд эдийн засгийн өсөлт 1.9 хувь болж буурсан байна.

Аялал жуулчлал сэргэж, хувийн хэрэглээний зарцуулалт тогтвортой байгаа хэдий ч гадаад эрэлт, дотоодын хөрөнгө оруулалт сул байгаагаас үүдэн эдийн засаг хүндрэлтэй тулгарч байгааг ОУВС-аас тэмдэглэжээ. Эрчим хүч, хүнсний үнийн нөлөөлөл, мөнгөний бодлогоо аажмаар чангаруулж, эрчим хүчний үнийн татаасыг сунгаснаар инфляци 2023 оны 11 дүгээр сард буурсан гэж уг тайланд дурджээ. 2023 оны есдүгээр сарын байдлаар урсгал тооцооны тэнцэл бага зэрэг ашигтай гарсан нь жуулчдын урсгал сэргэж, тээврийн зардал буурч, экспорттой харьцуулахад импорт их хэмжээгээр агшсан нь нөлөөлсөн гэдгийг тус тайланд онцолсон байна. Тус тайланд эдийн засгийн өсөлт 2024 онд богино хугацаанд өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь засгийн газраас төсөвт мөнгөний нийлүүлэлт хийсний нөлөөгөөр гадаад эрэлт сайжирч, хувийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой гэж дурджээ. ОУВС-аас Тайландын эдийн засгийн сэргэлт нь дэлхий дахинаа эдийн засгийн огцом уналт болох, тэр дундаа БНХАУ-д, түүхий эдийн үнийн өсөлт, дэлхийн санхүүгийн нөхцөл байдал таамаглаж байснаас илүү хүндрэх, гео-эдийн засгийн хуваагдал гүнзгийрэх зэрэг гадаад хүчин зүйлээс хамаарахыг тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч төсвийн сахилга батгүй байдал нь макро эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул дотоодын эрсдэлтэй байдал нь тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлнэ гэж ОУВС-аас анхааруулсан байна. Түүнчлэн хувийн хэвшлийн өрийн хэмжээ нэмэгдэх нь санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж, аялал жуулчлалд хэт найдах нь Тайландын гадны нөлөөнд өртөмтгий байдлыг нэмэгдүүлж байна гэжээ.

Эх сурвалж: The Nation Thailand