images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ИЖ БҮРЭН ЦАХИМ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭВТРҮҮЛНЭ

МЭДЭЭ

2024-01-19

199

Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн яамны Консулын газар энэ 2024 онд цахим хэлбэрт бүрэн шилжих болсныг тус улсын Крунгтеп Туракиж хэвлэл, мэдээллийн хэрэгсэл онцлон тэмдэглэв. Энэхүү цахим Консулын газар нь орчин үеийн дэвшилтэт техник, технологи болон хиймэл оюун ухаанд суурилсан дараахь 10 төрлийн үйлчилгээг иргэд болон төрийн албан хаагчдад үзүүлэх аж. Тухайлбал:

  1. Цахим гадаад паспорт – Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын стандартад нийцсэн хувь хүний биометрик мэдээллийг агуулсан цахим гадаад паспорт. Тус улс өнгөрсөн 2023 онд “КИОСК” гэх өөрөө өөртөө үйлчлэх түц машиныг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
  2. Цахим виз – Өнөөдрийн байдлаар тус улс Европ, Хойд Америк, Ази тивийн 23 улсад 38 виз мэдүүлэх цэгийг байгуулсан бөгөөд энэ онд 9 улсад 11 виз мэдүүлэх цэгийг шинээр байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү виз мэдүүлэх цэг нь 15 улсын хэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
  3. Цахим нотариат – Цахим нотариат нь аливаа төрлийн баримт бичгийг цахим хэлбэрээр хянан баталгаажуулахаас гадна иргэдэд хянан баталгаажуулахаар өгсөн баримт бичгийн явцыг харах, хяналт тавих боломжийг олгоно. Түүнчлэн тус цахим нотариатын хянан баталгаажуулсан баримт бичиг нь аюулгүй байдлын голорграмм наалттай байх бөгөөд энэ нь хянан баталгаажуулсан баримт бичгийг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх аж.
  4. Цахим туслалцаа – Тайландын иргэд гадаад улсад байх хугацаандаа байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарах, эсхүл аливаа төрлийн зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд энэхүү цахим үйлчилгээний тусламжтайгаар шаардлагатай зөвлөмж, мэдээллийг Тайландын холбогдох эрх бүхий байгууллагаас цахим хэлбэрээр шууд авах боломжтой. 
  5. Цахим гомдол – Тайландын Засгийн газрын өргөдөл, гомдол хүлээн авах төвтэй холбогдсон консулын цахим гомдол үйлчилгээ нь иргэдээс ирүүлэх бүх төрлийн гомдол, саналыг цахим хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэнэ.
  6. Консулын өргөдөл – Гар утсанд суурилсан программ (application)-ын тусламжтайгаар иргэд хурууны хээгээ уншуулах замаар яаралтай тусламж авах, цахим дуудлага хийх, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтойгоос гадна болон хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын хаяг, байршил, холбоо барих мэдээллийг авна.
  7. Консулын тоон баримт – Хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын консулын үйл ажиллагааны статистик мэдээллийг агуулсан энэхүү үйлчилгээ нь төсвийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн.
  8. Цахим санал – Улс төрийн болон орон нутгийн сонгуульд хилийн чанадаас цахим хэлбэрээр санал өгөх боломжтой энэхүү үйлчилгээ нь нэр дэвшигчдийн авсан саналын тоо болон сонгуулийн явцыг тухайн цаг мөчид харах боломжийг олгоно.
  9. Цахим консулын гарын авлага – Хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал хариуцсан албан хаагчдад шаардлагатай заавар, зөвлөмж, асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг холбогдох эрх бүхий байгууллагаас шууд авах боломжийг олгоно.
  10. Консулын мэдээллийн нэгдсэн төв – Консулын үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх мэдээллийг төвлөрүүлсэн мэдээллийн сан, эдгээр болно.

Тайландын Гадаад хэргийн яамны Консулын газраас дээрх 10 төрлийн үйлчилгээг хиймэл оюун ухаан, тэр дундаа “ChatGPT” системтэй уялдуулж, эдгээр цахим үйлчилгээний үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашлаад консулын үйлчилгээг блокчэйн болон квант тооцоололтой уялдуулах боломжийг судлахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Nation Thailand