ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА (АСЕАН)-НЫ ТУСГАЙ ЭЛЧ МЬЯНМАРЫН ХУНТЫН УДИРДАГЧТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Мьянмарын цэргийн Хунтын удирдагч Мин Аунг Хлайнг Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага (АСЕАН)-ны тусгай элч Алоункео Киттихүн-тэй уулзсаныг тус улсын төрийн мэдээлэл онцлов. Уулзалтын үеэр Хунтын удирдагч Мин Аунг Хлайнг 2021 онд Зүүн Өмнөд Азийн бүс нутаг, тэр дундаа Мьянмарт энх тайвныг тогтоох АСЕАН-ны бүх гишүүн улс болон Мьянмарын цэргийн генерал нарын харилцан тохиролцсон төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн аж. Харин 2024 онд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс энэхүү уулзалтын талаар ямар нэгэн мэдэгдэл, тайлбар гаргаагүй бол “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар”-ын хэвлэлийн төлөөлөгч Кяав Зав тусгай элч Алоункео Киттихүн дан ганц хунтын удирдагчтай уулзахаас гадна бүх оролцогч талтай уулзалт хийх ёстой байсныг мэдэгдсэн байна. Мьянмарт 2021 онд төрийн эргэлт гарч, цэргийн дэглэм Засгийн эрхийг авснаас хойш тус улсад хүчирхийлэл тасралтгүй гарч байгаа бөгөөд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагаас хунтын удирдагчийг энэхүү хүчирхийллээ таслан зогсоож, “таван зүйлт зөвшилцөл”-ийг хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters