images

ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ИРЭХ САРД ЭХЭЛНЭ

МЭДЭЭ

2023-12-25

173

Тайландын Хаант Улс Европын Холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хоёр дахь шатны яриа хэлэлцээг 1 дүгээр сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр жилийн дотор эцэслэх зорилготой байна.

Худалдааны хэлэлцээний газрын захирал Чотима Иемсавасдикулын хэлснээр, Бангкок хотноо зохион байгуулагдах яриа хэлэлцээ нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээг либералчлах асуудлыг хөндөх аж. Хоёр тал жил бүр гурван уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2025 он гэхэд хэлэлцээг эцэслэх зорилготой.

Тайланд Хаант Улс болон Европын Холбоо энэ оны 9 дүгээр сард Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо чөлөөт худалдааны эхний шатны яриа хэлэлцээг зохион байгуулсан. Энэ үеэртөлөөлөгчдийн тэргүүний уулзалт, шинжээчдийн түвшний 19 дэд хорооны хуралдааныг зохион байгуулсан юм.

Яриа хэлэлцээний 19 дэд хороонд: барааны худалдаа; гарал үүслийн дүрэм; гаалийн журам, худалдааг хөнгөвчлөх; худалдааны арга хэрэгсэл; ариун цэврийн болон ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ; худалдааны техникийн саад бэрхшээл; үйлчилгээ, хөрөнгө оруулалтын худалдаа; дижитал худалдаа; оюуны өмч; өрсөлдөөн ба татаас; төрийн худалдан авалт; худалдаа, тогтвортой хөгжил; жижиг, дунд үйлдвэрлэл; төрийн өмчит компани; эрчим хүч, түүхий эд; тогтвортой хүнсний систем; ил тод байдал, зохицуулалтын сайн туршлага; маргаан шийдвэрлэх; болон урдчилсан заалт, ерөнхий заалт, төгсгөлийн заалт, байгууллагатай холбоотой заалт, үл хамаарах нөхцөл зэрэг юм.

Эх сурвалж: Bangkok Post