ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС – ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНД ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ
Тайландын Хаант Улсад 2014 онд гарсан төрийн эргэлтийн улмаас Европын Холбоотой түр зогсоод байсан Чөлөөт худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцож, 2025 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм. Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пхумтам Вечаячай Бямба гарагт ЕХ-АСЕАН-ы Бизнесийн зөвлөл болон Европын бизнес, худалдааны нийгэмлэг (EABC)-ийн төлөөлөл, мөн Airbus, Standard Chartered PLC, Michelin, DHL, Prudential Financial Inc зэрэг 39 байгууллагын төлөөлөлтэй уулзсан байна.
Бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийг хамгаалах, цахим худалдаа, худалдааны саадыг арилгах зэрэг асуудлыг шийдвэрлэх замаар худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой хэлэлцээрийн гол асуудал нь тогтвортой байдал байх болно гэж Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пхумтам Вечаячай хэлэв.
Европын Холбоо нь Хятад, Америк, Японы дараа орох Тайландын Хаант Улсын дөрөв дэх том худалдааны түнш юм. Энэ оны эхний 10 сарын байдлаар Тайландын Хаант Улсаас Европын Холбоонд хийсэн экспортын хэмжээ 18.2 тэрбум ам.доллар болсон нь 2022 оныхоос 4.42%-иар бага, гол экспорт нь компьютерийн эд анги, агааржуулагчийн эд анги, үнэт эдлэл, электрон хавтан, резин зэрэг бүтээгдэхүүн юм.
Эх сурвалж: Bangkok Post