ТАЙЛАНД-ХЯТАДЫН ӨНДӨР ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ (HSR) ТӨСЛИЙН НОНГ ХАЙ-ВЬЕНТЬЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ 2028 ОНД ДУУСНА
Тайландын Хаант Улсын Зам, тээврийн дэд сайд Сурапонг Пияачоте Тайланд-Хятадын өндөр хурдны галт тэрэг (HSR) төслийн Нонг Хай-Вьентьян чиглэлийн төмөр замыг 2028 онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр төслийн баг Нонг Хай-Вьентьян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болох 7.3 км төмөр замын ажлыг эрчимжүүлэх, энэ хүрээнд 3 тэрбум тай баат буюу 86 сая ам.долларыг зарцуулах шийдвэр гаргасныг танилцуулав. Түүнчлэн Тайландын Төрийн төмөр зам (SRT) компани ирэх 2024 онд Нонг Хай-Вьентьян чиглэлийн төмөр замын техник-эдийн засгийн үндэслэл болон төмөр замын загварыг баталж, улмаар 2025 онд тендер зарлах үйл явцыг эхлүүлнэ гэдгийг мэдэгдэв. Тайланд-Хятадын өндөр хурдны галт тэрэг (HSR) төслийн Тайландын талын төмөр замын нийт бүтээн байгуулалт нь 606 км бөгөөд үүнд Нонг Хай-Бангкок чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт багтаж байна. Төслийн эхний шат болох Бангкок-Нахон Ратчасима чиглэлийн 253 км-ын төмөр замын бүтээн байгуулалт 26.8 хувьтай байгаа ба зарим хүчин зүйл, тухайлбал, газар чөлөөлөхөд гарч буй хүндрэл бэрхшээл нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд саад учруулж байгааг онцлов. Тэрбээр энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Тайланд-Хятадын хооронд зорчигч тээвэр болон ачаа тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Эх сурвалж: Bangkok Post