images

ТАЙЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД ЭДИЙН ЗАСГИЙГ УРАГШЛУУЛАХ ХҮРЭЭНД ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА

NEWS

2023-11-20

121

Тайландын Худалдааны танхимын 90 жилийн ойн арга хэмжээний үеэр Тайландын Ерөнхий сайд Сетта Тависин хэлсэн үгэндээ “хямралыг боломж болгон өөрчлөх зайлшгүй шаардлагатайг” онцлов. Ерөнхий сайд Сетта Тависин Тайландын эдийн засагт, ялангуяа сонгуулийн дараа эерэг зүйл байгаа ч түүнийг сайжруулахын тулд хамтын хариуцлага хүлээх шаардлагатай байгааг хэлэв. Маргаан дагуулж буй цахим хэтэвч буюу иргэн бүрт 10,000 баат өгөх санаачилга нь үргэлжилж буй хямралыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэв. Тайландын эдийн засаг сүүлийн 9 жилийн хугацаанд хоёроос ихгүй хувиар өссөн байхад Вьетнам, Малайз, Индонез, Филиппин зэрэг АСЕАН-ны бусад улсын эдийн засгийн өсөлт харьцангүй өндөр байгаа юм.

Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, Засгийн газар сүүлийн хоёр сарын хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд тариаланчдын өрийг хойшлуулах, цахилгаан, эрчим хүч, газрын тосны үнийг бууруулах, гадаадын иргэдэд визгүй зорчих зэрэг арга хэмжээг авсанг онцолсон. Хэдийгээр эдгээр арга хэмжээг авсан ч гадаадын хөрөнгө оруулалтыг татахуйц чухал зүйл нь татварын хөнгөлөлт болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдал гэдгийг Ерөнхий сайд хэлсэн юм.

“Зарим хүмүүс намайг улсын худалдагч гэж дууддаг. Би үүнтэй санал нэг байна, учир нь би Тайландын ард түмэнд тус улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чадавхийг сурталчлах, борлуулахад тусалж байгаа” гэж Сетта Тависин хэлсэн.

Тайландын Ерөнхий сайд 12 дугаар сард болох АСЕАН-Японы дээд хэмжээний 26 дахь уулзалтад оролцож, бизнес эрхлэгчдийг гадаадад хийх айлчлалдаа урьж, улсын хөгжил цэцэглэлтийн төлөөх худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг санал болгов.

Эх сурвалж: Nation Thailand