ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 2027 ОНД 105 УХААЛАГ ХОТ БАЙГУУЛНА
Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Пумтам Вичаяачай өнгөрсөн Лхагва гарагт болсон “Тайландын Ухаалаг хот-2023” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ тус улсын Засгийн газар 2027 онд зарим томоохон хот, суурин газарт 105 ухаалаг хот байгуулахаар ажиллаж байгааг мэдэгдэв. Тэрбээр тус улсын 25 мужийн 36 засаг, захиргааны нэгж “ухаалаг хот” гэрчилгээгээ хүлээж авсан бөгөөд энэхүү ухаалаг хот төлөвлөгөө нь үндэсний хөтөлбөр, мөн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 13 дахь төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг онцлов. Ухаалаг хот нь “Их өгөгдөл” буюу “Big Data” шийдлийг ашиглах замаар олон нийтийн амьдралын чанарыг дээшлүүлэх, өдөр тутмын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажээ. Тус улсын Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Чантараруангтон-ны мэдэгдсэнээр тус улсын Цахим эдийн засгийг дэмжих агентлаг Хөрөнгө оруулалтын зөвлөлтэй хамтран ухаалаг хотын хөгжилд хөрөнгө оруулалт татах, тэгэхдээ ухаалаг хот төлөвлөгөөг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын татварыг 50 хувиар 3 жилийн хугацаанд бууруулах, “ухаалаг хот” цахим платформоор хийсэн худалдаа, үйлчилгээний зардлыг 100 хувь татвараас чөлөөлөх зэрэг саналыг дэвшүүлэн ажиллаж байна. “Тайландын Ухаалаг хот-2023” үзэсгэлэнгийн үеэр харилцаа, холбоо, эрчим хүч, орон сууц, аж үйлдвэр, худалдаа, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг салбарын орчин үеийн дэвшилтэт ухаалаг шийдлийг танилцуулах юм байна.
Эх сурвалж: Nation Thailand