images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СРЕТТА ТАВИСИН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭЖ, ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН АМЬДРАЛЫН БАТАЛГААГ ДЭЭШЛҮҮЛЭХЭЭ АМЛАВ

МЭДЭЭ

2023-11-24

188

Ерөнхий сайд Сретта Тависин өнгөрсөн Пүрэв гарагт болсон “Ирээдүйд бэлэн-Тайланд” эдийн засгийн форумын үеэр улсын эдийн засгийг сэргээж, тариалан эрхлэгчдийн амьдралын баталгааг дээшлүүлэх, ялангуяа бага орлоготой айл өрх, тариалан эрхлэгчдэд өндөр хүүтэй зээл олгогчдын үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд тус улс улс төрийн зөрчилдөөний улмаас эдийн засгаа хөгжүүлэх олон чухал боломжоо алдсан гэдгийг онцлоод, түүний тэргүүлж буй Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх замаар тус улсын эдийн засгийг сэргээх, тэр дундаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагыг Тайландад үйл ажиллагаа эрхлэх боломжийг бий болгохоор ажиллаж байгаагаа мэдэгдэв.  Түүнчлэн тус улсын Засгийн газрын цэвэр эрчим хүчний бодлого нь гадаадын томоохон аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсныг онцлоод, өнгөрсөн долоо хоногт Тайландын Хаант Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, худалдааны төлөөлөгч нарт тус улсын бараа, бүтээгдэхүүнийг суугаа улсын зах зээлд нэвтрүүлэх, сурталчлан таниулах, гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдыг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахыг үүрэг болгосноо илэрхийлэв. Тус улсын Засгийн газраас бага орлоготой айл өрх, тариалан эрхлэгчдэд өндөр хүүтэй зээл олгогчдын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаараа энэ сарын 28-ны өдөр танилцуулахаас гадна ойрын хугацаанд улсын эдийн засгийг сэргээх хэд хэдэн томоохон арга хэмжээ, тухайлбал гахайн махны хууль бус наймааг таслан зогсоох, тариалан эрхлэгчдийн орлогыг 3 дахин нэмэгдүүлэх, техник, технологи ашиглан тариалан эрхлэгч болон хэрэглэгчийн хооронд дундын зуучлалгүйгээр шууд худалдан авалт хийх боломжийг бий болгох, иргэдэд цахим хэтэвч олгох зэрэг эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч ажиллаар төлөвлөж байна.  

Эх сурвалж: Nation Thailand