images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХЭД 5.1 ТЭРБУМ ТАЙ БААТ БУЮУ 141 САЯ АМ.ДОЛЛАРЫГ БАТАЛНА

МЭДЭЭ

2023-12-01

196

Тайландын Хаант Улсын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хорооноос соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 5.1 тэрбум тай баат буюу 141 сая ам.долларыг зарцуулахаар холбогдох төсвийн төслийг Засгийн газартаа өргөн мэдүүлэв. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хорооны дэд дарга Др. Сурапонг Сюбвонгли-гийн танилцуулснаар энэхүү 141 сая ам.долларыг баяр наадам, аялал жуулчлал, хүнс, дуу хөгжим, урлаг, спорт, хувцас, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, цахим спорт зэрэг 11 салбарт зарцуулахаар төлөвлөж байгаа ажээ.  

Тайландын Хаант Улсын Баяр, наадмыг зохион байгуулах дэд хорооны дарга Чадатип Чутракул тус улс ирэх 2024 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэлтэй Тайландын шинэ жил буюу усны баярыг тохиолдуулан “Маха Сонгкран-Дэлхийн усны наадам”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцлон тэмдэглэв.

“Маха Сонгкран-Дэлхийн усны наадам” Бангкок хотын “Ратчадамноен” өргөн чөлөөнд 3 хоногийн турш явагдах бөгөөд энэ үеэр Тайландын 77 мужийн төлөөлөл өөрсдийн соёлын өвөрмөц, онцлог шинжийг агуулсан баярын жагсаал зохион байгуулах ажээ.

Эх сурвалж: Nation Thailand