images

ТАЙЛАНД 2024 ОНД PM2.5 АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛТ ТАВЬЖ БАЙНА

NEWS

2023-10-25

105

Он дуусах дөхөж байгаа хэдий ч Тайланд Улс нь PM2.5 хэмээх аюултай тоосонцороос үүдэлтэй агаарын бохирдолтой байсан хэвээр байна. Агаар дахь эдгээр жижиг тоосонцоорыг барих, хянахад хэцүү байдаг учраас энэ нь маш ноцтой асуудал үүсгэдэг.

Тус улсын Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны яам энэ асуудлыг маш сайн мэдэж байгаа бөгөөд 2024 онд PM2.5 тоосонцортой холбоотой асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлсэн гэдгийг Ерөнхий сайдын Ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Чай Ватваронг хэлсэн байна. Эдгээр арга хэмжээний хүрээнд тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн цогцолборт газрын гал түймэрт өртөмхий талбайг 50 хувиар бууруулах зэрэг тодорхой зорилтыг тавьсан байна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ой хээрийн түймрийн нөхцөл байдалд тавих хяналтыг чангатгах, хяналтын цэг байгуулах, олон нийтийг татан оролцуулах, хөдөө аж ахуйн сайн туршлагыг (GAP PM2.5-гүй) хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ орсон байна. Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байгааг тэрбээр мөн онцолжээ. Нэн ялангуяа цаг агаар өөрчлөгдөх үед нөхцөл байдлыг сайтар хянаж, үйл ажиллагаагаа төлөвлөхийг бүх байгууллагуудад үүрэг болгосон байна. Иргэд, ялангуяа эмзэг бүлгийн хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, эмгэг өвчтэй хүмүүс зэрэг иргэдийг онцгой анхаарал болгоомжтой байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалсан байна. Иргэд нөхцөл байдлыг сайтар ажиглаж, санал болгож буй эдгээр арга хэмжээг дагаж мөрдөхийг зөвлөжээ.

Эх сурвалж: The Nation Thailand