images

ИРЭХ ОНД ЕВРОПЫН ХОЛБОО, АНЭУ, ШРИ ЛАНКА УЛСТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

МЭДЭЭ

2023-10-03

143

Тайланд улс нь ирэх оны хоёр, гуравдугаар улиралд Европын чөлөөт худалдааны нийгэмлэг (EFTA), Шри Ланка, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай чөлөөт худалдааны хэлэлцээр эцэслэн байгуулах төлөвтэй байна. Энэ нь Тайланд болон эдгээр гурван экспортын зах зээл хоорондын худалдааны хэмжээг жилд ойролцоогоор 31 тэрбум ам.доллар буюу нэг их наяд баатаар нэмэгдүүлэх ажээ. Худалдааны хэлэлцээний газрын Ерөнхий захирал Аурамон Суптавитхум хэлэхдээ, дөрвөн удаагийн яриа хэлэлцээний дараа Тайланд улс, АНЭУ-ын хооронд байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийг хамгийн эхэнд буюу энэ оны эцэс гэхэд дуусгаж, байгуулахаар төлөвлөж байна гэв. Зах зээлийн боломжит байдлын судалгаагаар АНЭУ-тай байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээр нь Тайландын хүнс, даавуун эдлэл, арьсан  бүтээгдэхүүн, хувцас, резин, мод, химийн бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл, автомашин, сэлбэг хэрэгслийн экспортыг жилд 30 орчим тэрбум батаар нэмэгдүүлэх боломжийг олгох юм байна.

Дараагийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах улс нь Шри Ланка бөгөөд тус улстай зургаан удаагийн яриа хэлэлцээ хийсний дараа ирэх жил байгуулах төлөвтэй байгааг тэрбээр мөн хэлсэн байна. Шри Ланка улс нь Зүүн Ази, Зүүн Өмнөд Азийг Ойрхи Дорнод,  Африк, Европтой холбосон Энэтхэгийн далай дахь хөлөг онгоцны тээврийн гол замд стратегийн байршилтай, байгалийн баялаг ихтэй орон юм.Шри-Ланка улстай байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрээс ашиг хүртэх Тайландын экспортын бараа бүтээгдэхүүнд автомашин болон түүний сэлбэг хэрэгсэл, машин механизм, цахилгаан хэрэгсэл, элсэн чихэр, хуванцар үрэл зэрэг багтаж байна.

Тэрбээр Тайланд болон Европын чөлөөт худалдааны нийгэмлэгийн хооронд зургаан удаагийн яриа хэлэлцээ хийсэн бөгөөд ирэх оны дундуур ЧХХ эцэслэн байгуулах төлөвтэй байгааг хэлэв. Европын энэхүү том зах зээлд Тайландын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цагаан будаа, амтат эрдэнэ шиш, боловсруулсан хүнс, нохой, муурны хоол, халуун орны жимс, боловсруулсан тахианы мах, лаазалсан жимс, жимсний шүүс, хувцас, автомашин болон түүний эд анги, үнэт эдлэл, гоёл чимэглэл зэрэг бүтээгдэхүүнийг гаргах боломжтой гэдгийг мөн нэмж хэлэв. Эдгээрээс гадна аялал жуулчлал, эрүүл мэнд, эрүүл мэндийн үйлчилгээ, цэвэр эрчим хүч, санхүү, харилцаа холбоо зэрэг үйлчилгээний чиглэлийн бизнес Европтой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээс ашиг хүртэх болно гэдгийг хэлсэн байна.

Эх сурвалж: Thai Public Broadcasting Service (THAI PBS)