БАНГКОК ХОТОД БОЛСОН ХЭРГИЙН ТУХАЙ
Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16:20 цагийн үед Тайландын Хаант Улсын Бангкок хотын “SIAM PARAGON” худалдааны төвд 14 настай Тайландын иргэн П.Т. нь гар буугаар зэвсэглэн 10 орчим удаа гал нээсэн бөгөөд үүний улмаас 2 хүн нас барж, 5 хүн хүнд шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ. Нас барсан болон шархадсан иргэдийн дунд манай улсын иргэн байхгүй.
Тайландын Хаант Улсын Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн генерал Торсак Суквимол-ын хэлснээр тухайн 14 настай этгээд нь сэтгэцийн хувьд эрүүл бус, сэтгэцийн эрүүл мэндийн Ражавити эмнэлэгт өмнө нь хэвтэн эмчлүүлж байсан ба түүний гэрээс олон тооны сум, хэрэгсэл олдсон байна.
Тайландын Хаант Улсад хууль бусаар галт зэвсэг эзэмших тохиолдолд их байдаг бөгөөд цаашид гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр тус улсын Засгийн газрын зүгээс тэргүүн ээлжинд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдээд байна.
МОНГОЛ УЛСААС
ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ