ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
Тайландын Хаант Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай энэ 2023 оны сүүлээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэдгийг тус улсын Худалдааны сайд Пумтам Вечаяачая онцлов. Тэрбээр хоёр улсын хооронд хүнс, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн, агааржуулагч, тээврийн хэрэгслийн эд анги болон бусад салбарын бараа, бүтээгдэхүүнийг худалдаалах энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээрийн яриа хэлэлцээний явц 80 хувьтай байгааг тэмдэглээд, тус улс Тайланд-Эмиратын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн дөрөв дэх удаагийн хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сарын 26-28-ны өдөр зохион байгуулах болсныг онцлов. Тайландын Хаант Улсын Засгийн газраас олон улсын худалдааны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Эмираттай байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн явцыг эрчимжүүлэхийг хүсэж байгаа ба тус улсын Худалдааны яамны Худалдааны хэлэлцээ хариуцсан газрын захирал Аурамон Суптавийтум-ын хэлснээр дөрөв дэх удаагийн хэлэлцээгээр хоёр улс 1. Бараа, бүтээгдэхүүний худалдаа, 2. Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах арга хэмжээ, 3. Хууль зүй, 4. Гарал, үүслийн дүрэм 5. Үйлчилгээ, цахим худалдаа зэрэг асуудлыг авч хэлэлцэх ажээ. Хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Тайландын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 318-356 сая ам.доллар, экспорт 190-243 сая ам.доллар болж нэмэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Bangkok Post