ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СРЕТТА ТАВИСИН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСТАЙ ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Тайландын Хаант Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 190 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Тайландын Хаант Улс Америкийн Нэгдсэн Улстай худалдааны харилцаагаа эрчимжүүлнэ гэдгийг тус улсын Ерөнхий сайд Сретта Тависин мэдэгдэв.
Тэрбээр өнгөрсөн Лхагва гарагт Америкийн Нэгдсэн Улс-Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага (ASEAN)-ын Бизнесийн зөвлөл болон Америкийн Худалдааны танхимаас хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох үеэрээ Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байден-тай уулзаж, ирэх 11 дүгээр сард Сан-Франциско хотноо болох Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хоёр талын тусгайлсан уулзалт зохион байгуулахаар санал солилцсоныг онцлон тэмдэглэв.
Дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын дараа хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт эрчимтэй сэргэж, хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн 2022 онд 65 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: Bangkok Post