images

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД НЭЭГДЛЭЭ

МЭДЭЭ

2023-09-19

170

Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдөр Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Мэдээлэл, харилцаа холбоо, гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтэс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон нийтийн зээлийн хоршоодын холбооноос зохион байгуулж буй “Цахим оролцоо болон нийгмийн хөгжил” сэдэвт бүс нутгийн семинарт оролцож байна.

Тэрбээр өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нээж, Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцав.

Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Тайландын Хаант Улсад нээгдсэнээр тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд 35 байгууллагын 440 үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг доороос авах боломжтой болж байгаа ба цаашид 56 байгууллагын 785 үйлчилгээг “ХУРДАН” цэгээр дамжуулан авах боломжтой болох юм.

Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг тус Элчин сайдын яамнаас гадна Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Сингапур Улс, Япон Улс, Америкийн Нэгдсэн Улсад суугаа манай Дипломат төлөөлөгчийн газарт нээгдээд байна.

“ХУРДАН” Төрийн үйлчилгээний цэг – Хаанаас ч ойрхон.