images

Г.ЗАНДАНШАТАРТ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙД ЖУРИН ЛАКСАНАВИСИТ БАРААЛХАВ

МЭДЭЭ

2022-09-08

219

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Тайландын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай буйгаа дурдаад, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависитийн Монгол Улсад хийж буй айлчлал манай хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэдгээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Мөн айлчлалын үеэр байгуулж буй “Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд байгуулсан “Монгол, Тайландын хамтын ажиллагааны 2022-2027 онд хийх ажлын төлөвлөгөө” нь Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг дурдаж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тайландын зүгээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг ирэх 10 дугаар сард Бангкок хотноо болох Ази, Номхон далайн парламентын форумд оролцохыг урьсан бөгөөд Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээнд төлөөлөгчид илгээхээ нотолж, парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа нотлов.