images

ЦАХИМ ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ДЭМЖИВ

МЭДЭЭ

2023-09-01

161

Бүгд Найрамдах Индонез Улсын Семаранг хотноо энэ сарын 19-22-ны өдөр болсон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн байгууллага (АСЕАН)-ын Эдийн засгийн сайд нарын 55 дахь удаагийн уулзалтаар тус бүс нутагт цахим худалдааг нэмэгдүүлэх зорилго бүхий АСЕАН-ны Цахим эдийн засгийн суурь хэлэлцээрийг байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Тайландын Хаант Улсын Худалдааны яамны орлогч Төрийн нарийн бичгийн дарга Экачат Сийтаворарат Эдийн засгийн сайд нарын уулзалтын үр дүнг АСЕАН-ны Эдийн засгийн нийгэмлэгийн зөвлөл болон энэ сарын 3-7-ны өдөр болох АСЕАН-ны төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр танилцуулна гэдгийг онцлов. Эдийн засгийн сайд нарын уулзалтын үр дүн, ялангуяа АСЕАН-ны Цахим эдийн засгийн суурь хэлэлцээрийг байгуулах асуудал нь тус бүс нутагт эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгох чухал ач холбогдолтойгоос гадна дэлхийн худалдааны чиг хандлагад идэвхтэй хариу үзүүлнэ гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн Эдийн засгийн сайд нарын уулзалтаар Цахим эдийн засгийн суурь хэлэлцээрийг бий болгоход шаардлагатай баримт бичиг, тухайлбал, хэлэлцээрийг байгуулснаар гарах үр дүн, үзүүлэх нөлөөний талаарх судалгаа, хэлэлцээ хийх удирдамж, АСЕАН-ны төрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдлийн төсөл зэргийг баталсан байна. АСЕАН-ны Цахим эдийн засгийн суурь хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээг энэ оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэлэлцээг 2 жилийн дотор хийж дуусгахыг зорьж байна. Тайландын Хаант Улс нь АСЕАН-ны гол худалдааны түнш гишүүн улс бөгөөд өнгөрсөн жил тус улсын АСЕАН-тай хийсэн гадаад худалдааны эргэлт 125 орчим тэрбум ам.доллар, үүнээс экспорт 71.9 тэрбум ам.доллар, импорт 52.6 тэрбум ам.доллар ажээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус улсын АСЕАН-тай хийсэн гадаад худалдааны нийт эргэлт 67.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: Bangkok Post