ТАЙЛАНД УЛС НЬ БНХАУ, ЭНЭТХЭГ УЛСЫН ЖУУЛЧДЫГ ТАТАХЫН ТУЛД ВИЗНИЙ ЖУРМЫГ ХӨНГӨВЧЛӨХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Тайландын шинэ Ерөнхий сайд Сетта Тависин аялал жуулчлалын салбараас олох орлогыг 100 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байгаатай холбогдуулан тус улсаас БНХАУ, Энэтхэг Улсын аялагчдад зориулсан визний журмыг хөнгөвчлөх, түүнчлэн бусад бүх улсын жуулчдад илүү урт хугацаагаар зорчих боломжийг олгох төлөвтэй байна.
Тайландын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани болох Сансири (Sansiri)-ийн тэргүүн асан Сетта энэ Даваа гарагт Airports of Thailand “AOT” болон бусад хэд хэдэн агаарын тээврийн компанийн удирдлагатай уулзаж, аялал жуулчлалын оргил үе болох 4 дүгээр улиралд илүү олон гадаадын жуулчдыг татах арга замын талаар ярилцжээ.
Агаарын тээврийн эдгээр компани нь нислэгийн хүчин чадлыг 20 хувиар нэмэгдүүлэхийн тулд аливаа хүндрэл бэрхшээлийг бууруулах, цагаачлалын албаар нэвтрэх үйл явцыг хурдасгах арга замыг хайж олохоор тохиролцсон гэдгийг Сетта өмнө нь “Twitter” буюу одоогийн “X” олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна.
Тайландын шинэ засгийн газар ирэх жил гадаадын жуулчдаас олох орлогыг 3.3 их наяд бат хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд аялал жуулчлалын салбар нь "богино хугацаанд эдийн засгийг дэмжих хамгийн сайн хөшүүрэг" болж байгааг Ерөнхий сайд Сетта хэлжээ. Тайландын Төв банкны (BoT) мэдээлснээр аялал жуулчлалын салбар нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 12 орчим хувь, ажлын байрны тавны нэг орчим хувийг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: Bangkok Post