images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА

МЭДЭЭ

2023-04-27

254

Тайландын Хаант Улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ануча Бурапачайсри тус улс ирэх 05 дугаар сард тус улсын худалдааны томоохон түнш улсын нэг болох Арабын Нэгдсэн Эмират Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Тэрбээр Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Праюут Чан-о-ча, Худалдааны сайд Журин Лаксанависит нар ирэх 05 дугаар сарын 09-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээний өмнө чөлөөт худалдааны үр дүн, ахиц дэвшлийн талаар холбогдох мэдээллийг авч, тус чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулснаар Ойрх Дорнодын улстай худалдаа хийх боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлснийг онцлон тэмдэглэв.

Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт сүүлийн жилд эрс нэмэгдэж байгаа ба Арабын Нэгдсэн Эмират Улсаас гол төлөв газрын тос, түүнтэй холбогдсон бараа, бүтээгдэхүүнийг Тайландын Хаант Улсад экспортолдог байна. Өнгөрсөн 2022 оны байдлаар хоёр улсын хооронд хийсэн бусад бараа, бүтээгдэхүүний эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд жил бүр 21 хувиар нэмэгдэж байна.

Арабын Нэгдсэн Эмират Улс нь Тайландын Хаант Улсын хувьд тус улсын Ойрх Дорнодын улстай хийж буй гадаад худалдааны тэргүүлэх улсын нэг бөгөөд цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг эн тэргүүний зорилт болгохоо Ерөнхий сайд Праюут Чан-о-ча илэрхийлсэн байна.

Энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээрийг энэ 2023 оны эхээр хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн үндсэн дээр байгуулах юм байна.