ТАЙЛАНДЫН ЖИМСНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ӨССӨН БАЙНА
Тайландын Хаант Улс нь 2022 онд БНХАУ-д жимс, жимсэн бүтээгдэхүүн нийлүүлсэн хамгийн том экспортлогч улс болж, нийт 168 тэрбум баатын орлого (5.5 тэрбум ам. доллар) олсон байна. Тухайлбал, Хятадын Худалдааны яамнаас саяхан гаргасан тайланд дурдсанаар өнгөрсөн онд 2.17 сая гаруй тонн жимсийг тус улсад Тайландаас импортолжээ. Тайландын гадил, наргил модны самар, дуриан, луу жимс, лонган зэрэг жимс Хятадын зах зээлд ихээхэн эрэлттэй байдаг бөгөөд эдгээр жимсийг шинээр нь, хөлдөөсөн, хатаасан, боловсруулсан зэрэг хэлбэрээр нийлүүлдэг байна. Тухайлбал, Хятадад хэрэглэдэг дуриан жимсний 95 хувийг Тайландаас импортолжээ. Тайландаас БНХАУ-д нийлүүлсэн жимс жимсэн бүтээгдэхүүний 51 хувийг усан онгоцоор, 48 хувийг газрын тээврээр, багахан хэсэг нь буюу 0.54 хувийг нисэх онгоцоор тээвэрлэжээ. Жимсний экспортоос гадна Тайландын цагаан будааны эрэлт БНХАУ-д нэмэгдэж байна. Тухайлбал, 2022 оны эхний улиралд Тайланд Улс 2,063,927 тонн цагаан будаа экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 29.3 хувиар нэмэгджээ.