ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ УДААШИРЧ БАЙГАА Ч АЗИЙН УЛСУУДЫН ЭДИЙН ЗАСАГ 2023 ОНД ТОГТВОРТОЙ ӨСӨЛТТЭЙ БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Лондон хотноо төвтэй “Asia house” судлагааны төвөөс гаргасан “2023 оны төлөв байдал” судалгаанд Азийн улсуудын эдийн засаг бараа, үйлчилгээний дотоод эрэлтийг нэмэгдүүлэх замаар дэлхийн зах зээл дээрх өндөр инфляци, мөнгөний хатуу бодлого, геополитикийн хурцадмал байдлыг үл харгалзан тогтвортой өсөх боломжтой талаар дурдсан байна. Мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн урсгалыг цахим болон ногоон инновацид чиглүүлбэл Ази тив уян хатан, боломжит сонголт болох магадлалтай байгааг онцолжээ.
“Asia House” төв Хятад, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам зэрэг улсын ирээдүйн бүтээмж, тогтвортой хөгжлийг хангах ногоон санхүүжилт, цахимжих бэлэн байдлын хэрэгжилтэд шинжилгээ хийж, дараахь дүгнэлтийг гаргав. Үүнд:
- Хятад Улсын хувьд КОВИД-19-ийг халах бодлогоо орхисноор эдийн засгийн өсөлт удаан байх боловч аажмаар нэмэгдэх болно. Мөн тус улсын “ногоон” санхүүжилт хийх эдийн засгийн бэлэн байдлын үзүүлэлт өсөх ажээ.
- Энэтхэгийн эдийн засгийн сэргэлт үргэлжлэх бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай хөгжих эдийн засгийн нэг болох магадлалтай байна. Гэхдээ тус улсад санхүүгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа ба ногоон санхүүжилт, цахимжих бэлэн байдлын үзүүлэлт хамгийн доогуур байна.
- Япон Улс иенийн ханшны сулрал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг олон төрлийн санхүүгийн хямралд өртөх магадлалтай байна. Энэ нь тус улсын ногоон санхүүжилт хийх бэлэн байдлын үзүүлэлтийг бууруулсан. Харин цахимжих бэлэн байдлын үзүүлэлт нь сайжирч байна.
- Вьетнам Улс таатай гадаад орчин болон хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх дотоод бодлогын нөлөөнд 2023 онд эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй байх төлөвтэй байна.
- Малайзын хувьд дотоодын эрэлт болон цахимжих бэлэн байдлын сайн үзүүлэлтийн ачаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах ажээ.
- “Asia House” төвийн мэдээлэлээр Тайландын ногоон санхүүжилтийн бэлэн байдлын үзүүлэлт хамгийн өндөр хэмжээтэй гарсан байна.
- Инфляцийг сааруулахын сацуу өсөлтийг дэмжих зөв мөнгөний бодлого хэрэгжүүлсний дүнд Индонез Улсын эдийн засаг 2023 онд хямралд тэсвэртэй байна.
- Филиппины эдийн засаг өсөх хандлагатай байгаа нь тус улсын бодлого тодорхойлогч нарт ногоон санхүүжилт, цахимжих дотоодын эко-системийг сайжруулах боломжийг олгоно хэмээн тус тус дурджээ.