ТАЙЛАНД, ТУРКИЙН ХООРОНД ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ТҮРГЭТГЭНЭ
Тайланд, Туркийн Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны дөрөвдүгээр хуралдаан Анкара хотноо болж, хуралдааныг Тайландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дон Прамудвинай, Туркийн Аж үйлдвэр, технологийн сайд Мустафа Варанк нар удирдан явуулав. Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг түргэтгэж, хоёр талын худалдааны эргэлтийг жилд 2 тэрбум ам.доллар хүргэхээр тогтов. Хоёр улс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар анхны хэлэлцээрийг 2017 онд хийж, одоогийн байдлаар долоон удаагийн хэлэлцээ хийгээд байна. Тайландын тал тус улсын “Дорнын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтад Туркийн талаас хөрөнгө оруулалт оруулах боломж байгааг дурдаж, тэр дундаа шинжлэх ухаан, технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов. Тайландаас Турк Улсад 1,3 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үүний дотор халаал хүнсний бүтээгдэхүүн, автомашины эд анги, резин, гэрийн тавилга зэрэг бараа багтжээ. Тайланд дахь Туркийн хамгийн том хөрөнгө оруулагч нь BEKO, Kordsa, Hidromek, Hayat Kimya, Arçelik-Hitachi компани юм. Туркийг зорих Тайландын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2016 онд Турк руу аялсан Тайландын иргэдийн тоо 12 мянга орчим байсан бол 2019 онд энэ тоо бараг 62 мянгад хүрч байв. Тайландын Аялал жуулчлалын яамны мэдээгээр 2018 онд Тайландад ирсэн Туркийн жуулчдын тоо 95 мянга орчим, 2019 онд 105 мянга орчим байжээ.