RCEP ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ АСЕАН-НЫ ТҮР ТОВЧООГ БАЙГУУЛНА
Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (RCEP)-ийн хэрэгжилтэд хяналт тавих АСЕАН-ны Түр товчоо байгуулахаар өнгөрсөн долоо хоногт Жакартад болсон АСЕАН-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар шийдвэрлэжээ. Түр товчооны Нарийн бичгийн дарга нарын газрыг Жакарта дахь АСЕАН-ны төв байранд тусгай нэгж болгон байгуулах бөгөөд цаашид бие даасан RCEP-ийн Нарийн бичгийн дарга нарын газар болгож өргөжүүлэхээр төлөвлөж буй ажээ. Байнгын RCEP-ийн Нарийн бичгийн дарга нарын газрыг өөрийн улсад байгуулах хүсэлтэй АСЕАН-ны нэлээд олон гишүүн улс байгаа бөгөөд одоогоор зөвхөн түр товчоог ийнхүү байгуулахаар болжээ. Тухайлбал, Камбож Улс нь RCEP-ийн Нарийн бичгийн дарга нарын газрыг өөрийн нийслэлд байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байна. RCEP хэлэлцээр нь 2022 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болсон дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Тус хэлэлцээрт АСЕАН-ы 10, Япон, БНХАУ, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг нийт 15 гишүүнтэй. Харин Энэтхэг Улс 2019 онд хэлэлцээрт нэгдэхээс татгалзсан. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор АСЕАН-ны гишүүн болон RCEP бусад түнш улс харилцан худалдааны тарифыг бууруулж, зах зээлд нэвтрэх боломжоор хангасан.