images

ЗАСГИЙН ГАЗАР ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИСИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА

МЭДЭЭ

2023-04-04

334

Бернама агентлаг “Малайз Улс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудлаар Хятадтай хэлэлцээ хийхэд бэлэн” гэж тус улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим хэлсэн талаар мэдээлэв.

Жил бүр хөлөг онгоцоор ойролцоогоор 3 их наяд ам.долларын хэмжээтэй бараа дамжин өнгөрдөг маргаантай тус бүс нутгийг Хятад улс бараг бүхэлд нь бүрэн эрхдээ хамаардаг хэмээн үздэг бол Малайз, Бруней, Филиппин, Тайван, Вьетнам зэрэг улс зарим хэсгийг нь өөрийн нутаг дэвсгэр гэж маргадаг ажээ.

Ерөнхий сайд Анвар Ибрахим БНХАУ-д өнгөрөгч долоо хоногт айлчлал хийсэн ба Малайз тус бүс нутагт эрчим хүчний хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа тул БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэр уг асуудлыг хөндсөн талаар Бернама агентлаг мөн мэдээлэв. Гэхдээ Анвар Ибрахим Өмнөд Хятадын тэнгисийн чухам аль хэсэг болон маргааны талаар ярьсаныг тодотгоогүй байна. Харин Ерөнхий сайд Анвар Ибрахим “БНХАУ мөн энэ бүс нутгийг нэхэмжилдэг. Газрын тос, байгалийн хийн олборлолт хэрэгтэй жижиг улсын хувьд бид үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ хэлэлцээ хийх болзол тавьж байгаа бол бид эхлүүлэхэд бэлэн байна” гэж хэлжээ.

Малайзын төрийн өмчит газрын тосны Petronas компани Өмнөд Хятадын тэнгис дэх 370 км-ын урттай эдийн засгийн онцгой бүсийн хэд хэдэн байршилд газрын тос, байгалийн хийн олборлолт хийдэг.

Хятад улсын хувьд Өмнөд Хятадын тэнгисийн 90 орчим хувийг U хэлбэрийн “есөн шугам”-аар өөрийн эзэмшил баталгаажуулсан боловч 2016 онд болсон олон улсын арбитрын шийдвэрээр үүнийг хүчингүйд тооцжээ. Уг шийдвэрийг Бээжин хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Зүүн Өмнөд Азийн улсууд Хятадтай уг маргаантай асуудлаар хэлэлцээ хийх, эсхүл тус бүс нутагт эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах талаар санал тавихад хариу өгдөггүй ажээ.