ЦАХИМ ВИЗНИЙ СИСТЕМИЙГ УЛАМ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮҮРГИЙГ ГХЯ-НД ӨГӨВ
Гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Тайланд руу нэвтрэх цахим визний системийг илүү боловсронгуй болгох үүргийг Засгийн газраас тус улсын ГХЯ-нд өгсөн гэж тус улсын Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Трисули Трисаранакул мэдэгджээ. БНХАУ цар тахлын хоригийг цуцалсантай холбогдуулж Тайланд Улсад ихээхэн хүлээлт үүссэд байгаа бөгөөд зөвхөн Хятадын Цагаан сарын баяр тохиосон өнгөрсөн долоо хоногт Тайланд руу нийтдээ 240 нислэг үйлдсэн байна. Хятадын Засгийн газар ирэх 2 дугаар сарын 6-наас эхлэн Тайланд зэрэг нийт 20 улсад хятадын жуулчдыг хэсэг бүлгээр аялахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасныг Тайландын тал нааштай хүлээн авч байна гэж Хэвлэлийн төлөөлөгч Трисули мэдэгдэв. Цахим визний систем нь гадаадын иргэнд Тайландын Элчин сайдын яам, консулын газарт биеэр хандалгүйгээр визний материал, паспортын хуулбараа цахимаар бүрдүүлж, виза авч, Тайландад ирэхдээ хувийг нь үзүүлж, нэвтрэх боломжийг олгох юм. Цахим виз мэдүүлэх хүсэлтэй хүмүүс https://www.thaievisa.go.th хаягаар орж, визний материалаа бүртгүүлэх юм.