ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ

2024-10-02


ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ – ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ:

Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад байх хугацаандаа тус улсын жолоочийн үнэмлэх мэдүүлэх боломжтой бөгөөд хэрэв жолоочийн үнэмлэх мэдүүлэгч нь олон улсын жолоочийн үнэмлэхтэй, мөн зохих ангилал (non-immigrant)-ын визтэй бол шалгалтгүйгээр 1 жилийн хүчинтэй хугацаатай түр үнэмлэх мэдүүлнэ. Жолоочийн үнэмлэхийг Тайландын Хаант Улсын Тээврийн газар (Department of Land Transportation Office)-т мэдүүлж, авна.

Тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн үнэмлэх мэдүүлэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүчин төгөлдөр гадаад паспорт,
  • Гадаад паспортын биометрик мэдээлэл агуулсан хуудас, тухайн гадаад паспорт эзэмшигчийн гарын үсэг зурсан хуудас болон виз дарсан хуудас (дурдсан хуудсыг тус бүр 2 хувь хуулбарласан байх),
  • Сүүлийн 30 өдрийн дотор Элчин сайдын яамнаас авсан тодорхойлолт,
  • Сүүлийн 30 өдрийн дотор Эрүүл мэндийн байгууллагаас биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлсон тодорхойлолт,
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 2 хувь цээж зураг,
  • Олон улсын жолооны үнэмлэх, эсхүл өөрийн улсын жолооны үнэмлэх, түүний албан ёсны англи хэлээрх орчуулга болон тухайн бичиг баримт, орчуулгын үнэн зөвийг гэрчилсэн Элчин сайдын яамны тодорхойлолт, эдгээр болно.