ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2026-03-31


Нутаг дэвсгэр:

 

  • Нутаг дэвсгэрийн хэмжээ: 513.120 км2 талбай (Дэлхийд 50-д ордог);
  • Байршил: Зүүн Өмнөд Азид оршдог;
  • Хөрш: Малайз, Мьянмар, Лаос, Камбож;

Хүн ам:

 

  • Хүн амын тоо: 71.61 сая (2025 он);
  • Үндэс, угсаа: 97,5% тай үндэстэн, 1,3% бирм, 1,1% бусад үндэстэн;
  • Дундаж наслалт: Эрэгтэй 72, эмэгтэй 80,2;
  • Хүйсийн харьцаа: 0,98 эрэгтэй/1 эмэгтэй;

Албан ёсны хэл:

Тай хэл;

Шашин:

Хүн амын 94.6% нь бурхан шашинт. Бурхан шашин нь Тайландын төрийн шашин бөгөөд тайчууд буддизмын теравада урсгалыг дагадаг. Хүн амын 4.3% нь ислам, 1% нь христ, 0.1% нь бусад шашныг шүтдэг.

Нийслэл:

  • Бангкок;
  • Хүн ам: 11,39 сая (нийт хүн амын 15.3%);

Засаг захиргааны нэгж:

  • Нийт 77 мужтай

Үндэсний баяр:

  • 12 дугаар сарын 05-ны өдөр – Хааны эцгийн төрсөн өдөр;

Улс төрийн тогтолцоо

Засаглалын хэлбэр:

Үндсэн хуульт хаант улс

Хааны нэр:

  • Тайландын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Бодиндрадебаяаваранкун буюу Х Рама (His Majesty the King Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun of Thailand)
  • 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хаан ширээнд заларсан

Парламент:

  • Төрийн хууль тогтоох байгууллага нь Төлөөлөгчдийн болон Сенатын танхимаас бүрдэх Үндэсний Ассамблей юм. Төлөөлөгчдийн танхим 500, Сенатын танхим 250 гишүүнтэй;
  • 2014 оны 5 дугаар сарын 22-ны генерал Прают Чан-о-ча цэргийн эргэлт хийж, Засгийн газар, Парламентыг тарааж, Үндсэн хуулийг /Хааны тухай 2 дугаар бүлгээс бусдыг/ хүчингүй болгож, түр Үндсэн хууль баталж, улс даяар цэргийн онцгой байдал тогтоосон. Генерал Прают Чан-о-ча-гийн тэргүүлсэн “Амгалан тайван байдал, хэв журмыг сахиулах үндэсний зөвлөл /National Peace and Order Maintaining Council/-ийг байгуулан, улмаар цэргийнхэн голлосон Засгийн газрыг тус тус байгуулж, генерал Прают Чан-о-ча-г Ерөнхий сайдаар томилсон. Үндэсний Хууль тогтоох Ассамблей, Үндэсний шинэчлэлийн зөвлөл, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг армийнхан шууд байгуулан ажиллуулж ирсэн;
  • Цэргийнхний боловсруулсан Шинэчлэлийг эрчимжүүлэх тухай Замын зураглалын дагуу Парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгуулийг 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан. Сонгуулийн дүнд тус улсын Ерөнхий сайд асан Таксин, Йинглак нарыг дэмжигч “Пeу Тай” (Тайчуудын төлөөх нам - Pheu Thai) нам 136 суудал, одоогийн Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-г Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн, цэргийнхний үүсгэн байгуулсан “Палан Прачарат”(Иргэдийн хүч чадал - Palang Pracharath Party) нам 115 суудал, тэрбумтан Танатон Жуангрунгуангкит (Mr. Thanathorn Juangroongruangkit)-ийн шинээр байгуулсан, ялангуяа Бангкок хотын залуусын дунд ихээхэн нэр хүнд олсон “Шинэ ирээдүй” (Future Forward Party) нам 80 суудал, Тайландын хамгийн ууган улс төрийн нам болох Ерөнхий сайд асан Абисит Вежжаживагийн тэргүүлсэн Ардчилсан нам (Democrat Party) 52 суудал, “Пүмжайтай” (Тайландын Бахархал - Bhumjaithai Part) нам 51 суудал тус тус авсан. Сонгуулийн дүнд аль нэг нам дангаараа Засгийн газар байгуулах болзол хангаагүй тул Хаан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ерөнхий сайд генерал Прают Чан-о-чаг дахин Ерөнхий сайдаар томилох, 36 (дэд сайд нар ороод) гишүүнтэй эвслийн танхим байгуулах зарлиг гаргасан;
  • Парламентын 2023 оны 05 дугаар сарын сонгуульд нийт 52,238,594 сонгогчдын 75,22% буюу 39,284,752 сонгогч санал өгсөн нь 1992 оноос хойших хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон юм. Сонгуулийн дүнгээр сөрөг хүчний “Урагш тэмүүлэх” (Move Forward-Kao Klai Party) нам хамгийн олон (151) суудал авч, ялалт байгуулсан. Тус нам Парламентын сонгуульд суудал авсан 7 намтай нэгдэж, 313 гишүүнтэй эвсэл байгуулахдаа цэргийн дэглэмтэй өмнө эвсэж байгаагүй, түүнийг дэмжээгүй намтай эвсэл байгуулах болзол тавьсан юм. Байгуулагдсан эвсэл Парламентын хоёр танхимын дэмжлэг авах тохиолдолд шинэ Засгийн газрыг бүрдүүлэх байсан ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн “Урагш тэмүүлэх” намын дарга Пита Лимжанронрат зохих дэмжлэгийг авч чадаагүй. Үүний улмаас сонгуульд удаах олонхын санал буюу 141 суудал авсан “Тайчуудын төлөөх” нам “Pheu Thai - Phak Phuea Thai Pary11 улс төрийн намаас бүрдсэн эвсэн байгуулсан нь нийт 314 саналын эрхтэй болсон юм. Тус 11 намаас бүрдсэн эвслээс Ерөнхий сайдад бизнесмэн Сетта Тависины нэрийг дэвшүүлж, Парламентын хоёр танхим болон Хааны дэмжлэгийг авсан юм.
  • Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх тус улсын Сенатын 40 гишүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхий сайд Сетта Тависиныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд асан Пичит Чуенбаныг томилж байсан нь ёс зүйн дүрэм зөрчин томилсон гэх асуудлаар хуралдаж, 5-4-ийн саналаар Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлөх шийдвэрийг гаргав. “Тайчуудын төлөөх” нам (Pheu Thai)-аас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайдад намын дарга Петонтан Чинаватыг дэвшүүлэх тухай шийдвэрийг гаргасан. Парламентын Төлөөлөгчдийн танхим 2024 оны 08 дугаар сарын 16-нд хуралдаж, Тайчуудын төлөөх (Pheu Thai) намаас Ерөнхий сайдад нэр дэвшигч Петонтан Чинаватыг сонгох эсэх санал хураалтыг зохион байгуулсан. Санал хураалтад Төлөөлөгчдийн танхимын 493 гишүүн оролцон 319 төлөө, 145 эсрэг, 27 түдгэлзсэн санал өгснөөр Тайландын Хаант Улсын 31 дэх Ерөнхий сайдаар Петонтан Чинават сонгогдов. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Тайландын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Петонтан Чинаватыг дараагийн Ерөнхий сайдаар томилохыг албан ёсоор дэмжсэн.
  • Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Ерөнхий сайд Петонтан Чинават болон Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд асан Хун Сен хооронд утсаар ярилцах үеийн задарсан бичлэгээс болж түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Улмаар Тайландын Хаант Улсын Төлөөлөгчдийн танхим 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Пeу Тай нам (Тайчуудын төлөөх нам - Pheu Thai)-аас Чайкасем Нитисири, Пүмжайтай (Тайландын Бахархал - Bhumjaithai Part)-аас Анүтин Чарнвиракүл нарыг Ерөнхий сайдад сонгох санал хураалтыг зохион байгуулж,Пүмжайтай намаас нэр дэвшигч Анүтин Чарнвиракүл 311 санал, Пeу Тай намаас нэр дэвшигч Чайкасем Нитисири 152 саналыг тус тус авав. Ийнхүү Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн олонхын саналыг авсан Анүтин Чарнвиракүлыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай саналыг Хааны ажлын албанд хүргүүлсэн. Цог Жавхлант Хааны ажлын албанаас зарлигийг удалгүй танилцуулж, үүрэгт ажилдаа орсон. Тус Засгийн газар 4 сар гаруй ажиллаж, 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төлөөлөгчдийн танхимын сонгуулийг зохион байгуулах болсон даруйд үүрэг гүйцэтгэгч болсон.
  • Тайландын Хаант Улсын Парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын сонгууль болон шинэ Үндсэн хууль боловсруулах эсэх тухай бүх нийтийн санал асуулга 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус улсад зохион байгуулагдсан. Тус сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 500 гишүүний 400 нь сонгуулийн тойргоос, 100 нь намын жагсаалтаар сонгогдох бөгөөд 251 суудал авснаар олонх болох юм. Санал хураалт 08:00-17:00 цагийн хооронд үргэлжлэв. Тус сонгуульд сонгуулийн насны 52.9 сая сонгогч байгааг бөгөөд нийт 99,538 санал авах байр болон тэдгээрийн аюулгүй байдлыг хангахаар 126,000 гаруй цагдаагийн алба хаагч ажиллав. Тус сонгуульд 57 улс төрийн нам оролцсон. Сонгуульд оролцож буй гол намд "Бумжайтай/Тайландын бахархал", "Пыа Тай/Тайландын төлөө", “People’s party/Ардын нам", "Паланг Прачарат/Ардын төлөө эрх мэдлийн нам", "Ардчилсан нам", "Клатам" болон "Нэгдсэн Тай үндэстэн" нам багтаж байна. Бангкок хот нь хамгийн олон сонгуулийн тойрог (33)-той бөгөөд түүний дараа Нахон Ратчасима, Хон Кен, Убон Ратчатани, Чианг Май, Чонбури, Бурирам, Удон Тани, Сонгкла, Нахон Си Таммарат болон Си Са Кет муж багтав. Сонгуулийн санал тоолох ажиллагааг 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гараар тоолж эхэлсэн бөгөөд тус өдрийн 22:00 цагийн байдлаар Засгийн эрхийг барьж буй Бумжайтай нам 193 суудал, Ардын нам 118 суудал, Пыа Тай нам 74 суудал авсан. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн дүнг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр баталгаажуулсан. Улмаар Парламент 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Улс төрийн намаас Бумжайтай намын дарга, өдгөө Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Анутин Чанвиракүл болон Ардын намын Натапонг Руэнпанявут нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Нийт 499 гишүүний санал хураалтаар Анутин Чанвиракүл 293 санал, Натапонг Руэнпанявут 119 санал авсан бол 86 гишүүн түдгэлзэж, Анутин Чанвиракүлыг Ерөнхий сайдаар сонгосон.

Ерөнхий сайд:

  • Анутин Чанвиракүл (His Excellency Anutin Charnvirakul)
  • 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр

Гадаад хэргийн сайд:

  • Сихасак Пүүанкэткяв
  • 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр

Эдийн засгийн үзүүлэлт

Дотоодын нийт бүтээгдэхүүн

/ нэрлэсэн үнээр/                      

577 тэрбум ам.доллар /2025 он/

Тайландын Хаант Улс нь ДНБ-ний хэмжээгээр дэлхийд эхний 30-д, Зүүн Өмнөд Азийн 3 дахь том эдийн засагтай улс.

ДНБ-ий өсөлт:

  • 2012 онд 7,2%;
  • 2013 онд 2,7%;
  • 2014 онд 0,8% /Цэргийн эргэлт гарсан жил/
  • 2015 онд 2,9%;
  • 2017 онд 3.9%;
  • 2018 онд 4,1%;
  • 2019 онд 2.6% өсөлттэй байв;
  • 2020 онд цар тахлаас шалтгаалж ДНБ 6,1 хувиар агшсан.
  • 2021 онд 1.6%;
  • 2022 онд 2.6%;
  • 2023 онд 2.2%
  • 2024 онд 2.9%
  • 2025 онд 2.4%
  • 2026 онд 1.5%~2.5% (Тайландын төв банкны төсөөлөл)

Нэг хүнд ногдох ДНБ:

8,200.9 ам.доллар /2025 он/

Дундаж цалин:

500 ам.доллар буюу 16,000 баат /2025 он/

Эдийн засгийн гол салбар, бараа бүтээгдэхүүн:

Тайландын Хаант Улс нь АСЕАН-ны бүс нутгийн гол экспортын төв бөгөөд аж үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараас ихээхэн хамааралтай. Эдийн засгийн гол салбарт автомашины үйлдвэрлэл, электроник/хагас дамжуулагч, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ялангуяа цагаан будаа (дэлхийд 6-д ордог), элсэн чихэр (дэлхийд 4-т ордог), байгалийн каучукийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс (5.28 сая тонн).

Тайландад аялал жуулчлалын салбар ихээхэн хөгжсөн бөгөөд үйлчилгээний салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Дэлхийн банкны мэдээлснээр аялал жуулчлалын салбар тус улсын ДНБ-ний 20% бүрдүүлдэг бөгөөд 2025 онд аялал жуулчлалаас оруулсан орлого 86.6 тэрбум ам.доллар байв.

Ядуурлын түвшин:

Ядуурал хүн амын 4.9%-ийг эзэлдэг /2025 он/

Инфляцын түвшин:

2025 онд 0.8%, 2024 онд 0.6%, 2023 онд 1.3%, 2022 онд 6.08%

Хөдөлмөр эрхлэлт:

40.23 сая хүн ажил эрхэлж, ажилгүйдлийн түвшин 0.81% (2025 оны 12 дугаар сарын байдлаар)

Гадаад худалдаа:

Нийт эргэлт:  684.6 тэрбум ам.доллар (2025 он) – өмнөх оны мөн үеэс 12.92%-иар өссөн

Экспорт: 339.6 тэрбум ам.доллар (2025 он)

Импорт: 344.9 тэрбум ам.доллар (2025 он)

  • Экспортын тэргүүлэх бараа бүтээгдэхүүн: компьютер болон түүний эд анги (11.81%), автомашин болон түүний эд анги (9.27%), үнэт чулуу болон үнэт эдлэл (7.9%), машин тоног төхөөрөмж (3.51%), резинэн/каучук бүтээгдэхүүн (4.6%). Экспортын тэргүүлэх 10 худалдааны түнш нь АНУ (21.35%), БНХАУ (11.7%), Япон (6.93%), Малайз (3.95%), Вьетнам (3.76%), Энэтхэг (4.66%), Сингапур (3.55%), Австрали (3.55%), Хонг Конг (3.29%), Индонез (2.75%).
  • Импортын гол бүтээгдэхүүн: газрын тос, түлш (12.9%), цахилгаан машин механизм, тоног төхөөрөмж (25.8%), төмөр, ган бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, компьютер ба түүний эд анги (11.5%), үнэт чулуу, металл (8.4%), төмөр болон ган (3.4%), тээврийн хэрэгсэл (3.4%), хуванцар бүтээгдэхүүн (3.3%). Импортын гол түнш: БНХАУ, АНУ, Япон, Тайвань, Малайз, Вьетнам, Энэтхэг, АНЭУ, Сингапур, Индонез.

Мөнгөн тэмдэгт, ханш:

  • Мөнгөн тэмдэгт: Баат;
  • Ханш: 1 ам.доллар /32.47 баат/ (2026 оны 03 дугаар сарын байдлаар)