ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН БУСАД ХАРИЛЦАА-ТАЙЛАНД

2024-09-09


Иргэд харилцан зорчиж буй тухай:

  • МИАТ ХК 2017 оноос хойш Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд өвлийн улиралд шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан иргэд харилцан зорчсон тоо 2019 онд 10539 (ХХЕГ-аас авсан мэдээлэл) байснаас Тайландын 2694 иргэн Монгол руу зорчив. Харин КОВИД-19-ийн цар тахлын улмаас 2020 онд тайландын 139 иргэн Монгол руу, монголын 1967 иргэн Тайланд руу, 2021 онд тайландын 98 иргэн Монгол руу, монголын 2410 иргэн Тайланд руу,  2022 оны байдлаар тайландын 135 иргэн Монгол Улс руу, монголын 20,000 гаруй иргэн Тайланд руу, 2023 оны байдлаар давхардсан тоогоор 53,000 иргэн Тайландад тус тус зорчсон байна.
  • 2007 оноос хойш бүх төрлийн паспорттай иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байна.

Иргэдийн тухай мэдээлэл:

 

  • Манай 183 иргэн Тайландын Хаант Улсад байнга оршин сууж байна. Тэдгээрийн дийлэнх нь олон улсын байгууллага болон гадаадын компанид ажиллаж байна /2023 он/.
  • Тайландын 44 иргэн Монгол Улсад байнга оршин сууж байна. Тэдгээрийн дийлэнх нь үйлчилгээний салбарт, тухайлбал массажист, хүүхэд асрагчаар ажиллаж байна.

Соёлын харилцаа:

 

2016 оны 02 дугаар сард Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 42 жилийн ойг тохиолдуулан Рангситын Их сургуультай хамтран “Монгол Алтайн нуруунаас Тайландын Чаопраяа мөрөнд” морин хуурын концерт-хамтарсан тоглолт, коктейль, мөн “Монгол Улс НҮБ-д элссэний 55 жил”, “Монголын сайхан орноор” фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Хамтарсан тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин О.Амарбаяр, Морин хуурын чуулга, “Хан хуур” хамтлаг, СУИС-ийн “Найман шарга” морин хуурын чуулган, Тайландын Ардын жүжигчин Наоварат Понгпайбун, Рангситын их сургуулийн симфони найрал хөгжмийн чуулга, “RSU Jazz” хамтлаг, “One World Project” хамтлагийн нийт 60 гаруй жүжигчид оролцов. Арга хэмжээнд тайландын талаас төр засгийн төлөөллөөс гадна соёл, урлагийн алдартан, хөгжмийн зохиолчид, их дээд сургуулийн оюутан, багш, иргэд зэрэг 800 гаруй хүн үзэж сонирхсон.  

Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар сурталчилж буй мэргэжлийн гэрэл зурагчин, Монгол Улсын Соёлын элч Жатенипат Кетпрадит болон тус Элчин сайдын яам хамтран 2022 онд гэрэл зургийн үзэсгэлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 10 дугаар сарын 24-нээс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл “People and Their World: Tsam – the Dance of Gods” үзэсгэлэнг Бангкок хотын River City Bangkok үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулав. Тус үзэсгэлэнг 2 сая орчим хүн (биечлэн болон цахимаар) үзэж сонирхов.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Хөлбөмбөгийн дээд лигийн аварга, Улаанбаатар ФС багийн бүрэлдэхүүнийг  ТХУ-д авчирж, тус улсын “Port FCбагтай нөхөрсөг тоглолтыг 2023 оны 12 дугаар сард зохион байгуулсан.

Дипломат харилцааны ойн хүрээнд Бурирам мужид аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээг 2024 оны 03 дугаар сард зохион байгуулав.

Батлан хамгаалахын харилцаа:

Зүүн Өмнөд Азид хамгийн томд тооцогддог "Cobra Gold" (Кобра Гоулд) олон улсын цэргийн сургуульд болон “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд харилцан төлөөлөгчид урин оролцуулж, Батлан хамгаалахын сайд нар бүсийн аюулгүй байдлын асуудлаарх уулзалтын үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ирсэн. “Cobra Gold 2024” олон улсын цэргийн сургуульд ЗХЖШ-ын төлөөлөл оролцсон.