ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС

2024-01-23


БАНК, ХАРИЛЦАХ ДАНС НЭЭЛГЭХ:

Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад байх хугацаандаа аль ч банканд харилцах данс нээлгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүчин төгөлдөр гадаад паспорт,
  • Тайландын Хаант Улсад ажиллах зөвшөөрөлтэй байх, эсхүл зохих ангиллын виз мэдүүлсэн байх,
  • Оршин суугаа газрын хаяг, байрны түрээсийн гэрээ,
  • Элчин сайдын яамны тодорхойлолт, эдгээр болно.

Банкны харилцах данс нээлгэхэд хамгийн багадаа 500 тайланд баат-ыг тухайн дансанд байршуулсан байх шаардлагатай.

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ – ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ:

Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад байх хугацаандаа тус улсын жолоочийн үнэмлэх мэдүүлэх боломжтой бөгөөд хэрэв жолоочийн үнэмлэх мэдүүлэгч нь олон улсын жолоочийн үнэмлэхтэй, мөн зохих ангилал (non-immigrant)-ын визтэй бол шалгалтгүйгээр 1 жилийн хүчинтэй хугацаатай түр үнэмлэх мэдүүлнэ. Жолоочийн үнэмлэхийг Тайландын Хаант Улсын Тээврийн газар (Department of Land Transportation Office)-т мэдүүлж, авна.

Тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн үнэмлэх мэдүүлэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүчин төгөлдөр гадаад паспорт,
  • Гадаад паспортын биометрик мэдээлэл агуулсан хуудас, тухайн гадаад паспорт эзэмшигчийн гарын үсэг зурсан хуудас болон виз дарсан хуудас (дурдсан хуудсыг тус бүр 2 хувь хуулбарласан байх),
  • Сүүлийн 30 өдрийн дотор Элчин сайдын яамнаас авсан тодорхойлолт,
  • Сүүлийн 30 өдрийн дотор Эрүүл мэндийн байгууллагаас биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлсон тодорхойлолт,
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 2 хувь цээж зураг,
  • Олон улсын жолооны үнэмлэх, эсхүл өөрийн улсын жолооны үнэмлэх, түүний албан ёсны англи хэлээрх орчуулга болон тухайн бичиг баримт, орчуулгын үнэн зөвийг гэрчилсэн Элчин сайдын яамны тодорхойлолт, эдгээр болно.

Жич: Тус улсад замын хөдөлгөөний зүүн гарын дүрэм үйлчилдэг бөгөөд жолоочийн үнэмлэх мэдүүлэх үйлчилгээний хураамж 105 тайланд баат.

 

ВИЗ, ВИЗ МЭДҮҮЛЭХ ЯВЦ БОЛОН БАЙХ ХУГАЦААГ СУНГУУЛАХ:

  1. Виз болон виз мэдүүлэх явц:

Хэрэв Та урт хугацаанд Тайландын Хаант Улсад ажиллаж, амьдрахаар төлөвлөж байгаа бол тус улсын зохих ангиллын визийг заавал урьдчилан мэдүүлж, зохих ангиллын визийг авсан байхыг анхаарна уу.

Жич: Тайландын Хаант Улсын виз мэдүүлэгч нь Тайландын Хаант Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яаманд виз мэдүүлэх маягтыг холбогдох материалын хамт бүрдүүлэн өгч, виз мэдүүлнэ. Тайландын Хаант Улс Монгол Улсыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хавсран суудаг тул визийн материалыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод байрлах Тайландын Хаант Улсын Элчин сайдын яаманд хүргүүлнэ.

  • Виз, түүний ангилал:
    • Аяллын виз:
      • Хүчин төгөлдөр гадаад паспорт,
      • Виз мэдүүлэх маягт (Тайландын Хаант Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудаснаас дэлгэрэнгүйг үзнэ үү),
      • 4х6 хэмжээтэй цээж зураг,
      • Хоёр талын нислэгийн билет (төлбөр төлсөн байх),
      • Санхүүгийн боломжтойг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга (англи хэлээр, мөн хэрэв ганц бие бол 20,000 тайланд баат-тай байх, гэр бүлээрээ аяллын виз мэдүүлэх бол 40,000 тайланд баат-тай байх), эдгээр болно.

Жич: 3, эсхүл 6 сарын байх хугацаатай аяллын визийн хураамж 1000 тайланд баат бөгөөд визийн хугацааг сунгуулах боломжтой.

    • Ажиллах зөвшөөрөл бүхий “Non-Immigrant” виз:
      • Албан хэргийн “F” ангиллын виз,
      • Ажиллах буюу бизнесийн “B” ангиллын виз,
      • Хөрөнгө оруулалтын “IM” ангиллын виз,
      • Хөрөнгө оруулалтын “IB” ангиллын виз,
      • Боловсролын “ED” ангиллын виз,
      • Кино, контент үйлдвэрлэлийн “M” ангиллын виз,
      • Шашны үйл ажиллагааны “R” ангиллын виз,
      • Эрдэм шинжилгээний “RS” ангиллын виз,
      • Мэргэшлийн “EX” ангиллын виз,
      • Бусад буюу “O” ангиллын виз, эдгээр болно.

Дээр нэр дурдсан ангиллын виз мэдүүлэх Монгол Улсын иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлж, Тайландын Хаант Улсын Элчин сайдын яаманд хүргүүлнэ. Үүнд:

  • Виз мэдүүлэх маягт (бүрэн гүйцэт бөглөсөн байх),
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг,
  • Санхүүгийн боломжтойг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга (англи хэлээр, мөн хэрэв ганц бие бол 20,000 тайланд баат-тай байх, гэр бүлээрээ аяллын виз мэдүүлэх бол 40,000 тайланд баат-тай байх),

Жич: Гадаад паспортын хүчинтэй хугацаа хамгийн багадаа 6 сар байх бөгөөд хэрэв 1 жилийн байх хугацаатай виз мэдүүлэх бол гадаад паспортын хүчинтэй хугацаа 18 сар байна.

  • Бусад онцгой, давуу эрхтэй виз:

Тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг дангаар бүрдүүлж буй аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хөгжлийн гол хүчин зүйлийн нэг нь тус улсын Засгийн газраас гадаад улсын иргэдэд чиглэсэн төрийн уян хатан бодлого, тэр дундаа гадаад улсын иргэдэд олгож буй онцгой, давуу эрх бүхий урт хугацааны “LTR” (Long Term Resident) болон “Thailand Elite” виз юм.

    • LTR(Long Term Resident) буюу урт хугацаанд оршин суух онцгой, давуу эрхтэй виз:

Тайландын Хаант Улсын Засгийн газраас “LTR” (Long Term Resident) буюу урт хугацаанд оршин суух онцгой, давуу эрхтэй энэхүү визийг 2021 онд анх танилцуулсан бөгөөд тус улсын Засгийн газраас гадаад улсын чинээлэг, мэргэшсэн 1 сая иргэнийг ирэх 5 жилийн хугацаанд өөрийн улсдаа урт хугацаанд амьдруулах, хөдөлмөр эрхлэх таатай орчин, татвар, хураамжийн уян хатан нөхцөл амлах замаар эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийг нутагшуулах зорилго тавьж байна.

Тус виз нь сүүлийн үед дэлхий нийтийн шинэ чиг хандлага болж буй “work from anywhere” буюу алсын зайнаас ажиллах хүсэлтэй гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхаарлыг ихээр татаж байна. Энэхүү “LTR” визийг мэдүүлснээр гадаад улсын иргэд дараахь онцгой, давуу эрхийг эдэлнэ. Үүнд:

  • Тайландын Хаант Улсад 10 жилийн хугацаанд оршин суух, эхний удаа 5 жил, дараа нь дахин 5 жилээр сунгуулах,
  • Тайландын Хаант Улсад хөдөлмөр эрхлэхэд тавигддаг “4 Тайланд иргэн тутам 1 гадаад улсын иргэн” гэсэн шаардлагаас чөлөөлөгдөнө,
  • Тайландын Хаант Улсын олон улсын нисэх онгоцны буудлын түргэн нэвтрэх хэсгээр саадгүй үйлчлүүлэх,
  • Тайландын Хаант Улсад урт хугацаанд оршин сууж буй гадаад улсын иргэд тус улсад оршин сууж байгаа тухайгаа 90 хоног тутам Шилжилт хөдөлгөөний байгууллагад мэдүүлдэг бол тус визийг авснаар жил тутам мэдүүлж байх, мөн Тайландын хилээр дахин нэвтрэхэд зөвшөөрөл авах шаардлагаас чөлөөлөгдөх,
  • Тайландын Хаант Улсад хөдөлмөр эрхлэх цахим зөвшөөрөл мэдүүлж, авах,
  • Мэргэшсэн гадаад улсын иргэд тус улсад 17 хувийн хувь хүний орлогын албан татвар төлөх,
  • Гадаадаас орж ирэх орлогоо татвараас чөлөөлүүлэх, эдгээр болно.

Тус улсын Засгийн газраас энэхүү онцгой, давуу эрх бүхий урт хугацааны “LTR” визийг 1. Чинээлэг дэлхийн иргэн, 2. Чинээлэг тэтгэврийн настан, 3. Тайландын Хаант Улсаас ажиллаж, амьдрах (алсын зайнаас ажиллах боломжтой) хүсэлтэй гадаад улсын иргэн, 4. Мэргэшсэн, мэргэжлийн гадаадын боловсон хүчинд тус тус санал болгож байгаа ба тэдгээрийн гэр бүлийн гишүүд ч мөн адил энэхүү урт хугацаанд оршин суух визийг мэдүүлэх, онцгой, давуу эрхийг эдлэх бүрэн боломжтой.

    • Чинээлэг дэлхийн иргэд (Wealthy Global Citizens) буюу хамгийн багадаа 1 сая хүртэлх ам.долларын хөрөнгөтэй гадаад улсын иргэн:
      • Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн багадаа 80,000 ам.долларын орлого олсон байх,
      • Тайландын Хаант Улсын Засгийн газраас гаргасан 500,000 ам.доллартой тэмцэх хэмжээний бонд худалдаж авах, эсхүл энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийх,
      • Эрүүл мэндийн даатгал (даатгал нь Тайландад 50,000 ам.доллар хүртэлх эмчилгээний зардлыг төлөх нөхцөлтэй байх), эсхүл 100,000 ам.долларын барьцаа мөнгө байршуулах.
    • Тогтмол тэтгэвэр, эсхүл орлоготой 50-аас дээш насны чинээлэг тэтгэврийн настан (Wealthy Pensioners):
      • Сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн багадаа 80,000 ам.долларын тэтгэвэр, эсхүл орлого олсон байх,
      • Хэрэв сүүлийн нэг жилд 80,000 ам.доллароос бага, харин 40,000 ам.доллароос их тэтгэвэр, эсхүл орлого олсон бол Тайландын Хаант Улсын Засгийн газраас гаргасан 250,000 ам.доллартой тэмцэх хэмжээний бонд худалдаж авах, эсхүл энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийх,
      • Эрүүл мэндийн даатгал (даатгал нь Тайландад 50,000 ам.доллар хүртэлх эмчилгээний зардлыг төлөх нөхцөлтэй байх) эсхүл 100,000 ам.долларын барьцаа мөнгө байршуулах.
  • Гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг, мөн алсын зайнаас хөдөлмөр эрхлэх боломжтой гадаад улсын иргэд (Work-from-Thailand Professionals):
    • Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн багадаа 80,000 ам.долларын орлого олсон байх,
    • Хэрэв сүүлийн хоёр жилд 80,000 ам.доллароос бага, харин 40,000 ам.доллароос их орлого олсон бол виз мэдүүлэгч нь магистр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй, эсхүл аливаа оюуны өмч эзэмшдэг байх,
    • Хөрөнгийн бирж дээр нээлттэй компани, аж ахуйн нэгжтэй байх, тухайн компани, аж ахуйн нэгжийн сүүлийн 3 жилийн орлогын нийлбэр дүн хамгийн багадаа 150 сая ам.доллар байх,   
    • Мэргэжлээрээ сүүлийн 5 жилийн турш ажилласан байх,
    • Эрүүл мэндийн даатгал (даатгал нь Тайландад 50,000 ам.доллар хүртэлх эмчилгээний зардлыг төлөх нөхцөлтэй байх), эсхүл 100,000 ам.долларын барьцаа мөнгө байршуулах.
  • Зорилтод салбарт мэргэшсэн, мэргэжлийн гадаадын боловсон хүчин (Highly-Skilled Professionals):
    • Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн багадаа 80,000 ам.долларын орлого олсон байх,
    • Хэрэв сүүлийн хоёр жилд 80,000 ам.доллароос бага, харин 40,000 ам.доллароос их орлого олсон бол виз мэдүүлэгч нь шинжлэх ухаан, технологи, эсхүл Тайландын Хаант Улсад ажиллах зорилтод ажлын байрны шалгуурт нийцсэн магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
    • Эрүүл мэндийн даатгал (даатгал нь Тайландад 50,000 ам.доллар хүртэлх эмчилгээний зардлыг төлөх нөхцөлтэй байх)-тай байх, эсхүл 100,000 ам.долларын барьцаа мөнгө байршуулах, эдгээр болно.

Харин дээрх шаардлагыг хангаж буй виз мэдүүлэгч гадаад улсын иргэний хууль ёсны гэр бүлийн гишүүд Эрүүл мэндийн даатгал (даатгал нь Тайландад 50,000 ам.доллар хүртэлх эмчилгээний зардлыг төлөх нөхцөлтэй байх)-тай, эсхүл 25,000 ам.долларын барьцаа мөнгө байршуулснаас ижил төрлийн виз мэдүүлэх боломжтой ажээ.

  • Thailand Elite” буюу урт хугацааны аялал жуулчлалын виз:

Тайландын Хаант Улсын “Thailand Elite Card” байгууллагаас дэлхий дээрх цор ганц онцгой, давуу эрхтэй, гишүүнчлэл бүхий урт хугацааны аялал жуулчлалын виз олгох хөтөлбөр (Thailand Elite Visa Program)-ийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн зорилго нь Тайландын Хаант Улсад урт хугацаанд амьдрах хүсэлтэй гадаад улсын иргэдэд 5, 10 болон 20 жилийн хугацаанд оршин суух виз олгох, мөн хөтөлбөрт хамрагдаж, урт хугацаанд оршин суух эрх авсан гадаад улсын иргэд Тайландад байх хугацаандаа онцгой, давуу эрх бүхий олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал, тухайлбал, эмнэлэг, гоо сайхан, зочид буудал, ресторанаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болдог нь энэхүү гишүүнчлэлийн онцлог юм.

“Thailand Elite Card” байгууллага нь Тайландын Хаант Улсын Засгийн газрын дэмжлэгтэй бөгөөд тус улсын Аялал жуулчлалын газрын харьяаны төрийн өмчит хувьцаат компани юм. Тус байгууллагаас гаргасан дараахь гишүүнчлэл дор дурдсан хөнгөлөлтийг эдэлнэ. Үүнд:

  • Elite Easy Access” гишүүнчлэл:

Тайландын Хаант Улсад ажил хэргийн шугамаар байнга зорчдог бүх насны хүмүүст зориулсан энэхүү “Elite Easy Access” гишүүнчлэлийн картын суурь хураамж нь 600,000 тай баат буюу ойролцоогоор 16,500 ам.доллар бөгөөд гишүүнчлэлтэй хамт 5 жил Тайландад оршин суух эрх дагалдана. Түүнчлэн 1 жилийн хугацаанд 24 удаа (нэг удаадаа 50-80 км) тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх, олон улсын нисэх онгоцны буудалд угтуулж, үдүүлэх, Тайландын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, банкны карт нээлгэх, томоохон худалдааны төвөөр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх зэрэг эрхийг эдэлнэ.

  1. “Elite Family Alternative” гишүүнчлэл:
  • Тайландын Хаант Улсад гэр бүлээрээ урт хугацаанд аялж, амардаг, эсхүл тогтмол зорчдог бүх насны хүмүүст зориулсан энэхүү “Elite Family Alternative” гишүүнчлэлийн картын суурь хураамж нь 800,000 тай баат буюу ойролцоогоор 22,000 ам.доллар бөгөөд гишүүнчлэлтэй хамт 10 жил Тайландад оршин суух эрх дагалдана. “Elite Easy Access” гишүүнчлэлийн картын нэгэн адил онцгой, давуу эрхийг эдэлнэ.
  1. “Elite Family Premium” гишүүнчлэл:
  • Гэр бүлийн гишүүдэд зориулсан энэхүү “Elite Family Premium” гишүүнчлэлийн картын суурь хураамж нь 1,000,000 тай баат буюу ойролцоогоор 27,000 ам.доллар бөгөөд жилийн суурь хураамжийн үнэ 10,000 тай баат буюу 300 орчим ам.доллар юм. Түүнчлэн 1 жилийн турш (нэг удаадаа 50-80 км) тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх, 10 удаа гольф тоглох, 10 удаа Тай массаж, гоо сайхнаар үйлчлүүлэхээс гадна олон улсын нисэх онгоцны буудалд угтуулж, үдүүлэх, Тайландын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, банкны карт нээлгэх, томоохон худалдааны төвөөр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийг эдэлнэ.
  1. “Elite Privilege Access” гишүүнчлэл:
  • Тайландын Хаант Улсад амралтаа эдлэх хүсэлтэй бүх насны хүмүүст зориулсан энэхүү “Elite Privilege Access” гишүүнчлэлийн картын суурь хураамж нь 1,000,000 тай баат буюу ойролцоогоор 27,000 ам.доллар бөгөөд гишүүнчлэлтэй хамт 10 жил Тайландад оршин суух эрх дагалдана. Түүнчлэн 1 жилийн хугацаанд 18 удаа (нэг удаадаа 50-80 км) тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх, 1 удаа бүтэн биеийн шинжилгээ өгөх, эсхүл 2 удаа шүдний эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэхээс гадна олон улсын нисэх онгоцны буудалд угтуулж, үдүүлэх, Тайландын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, банкны карт нээлгэх, томоохон худалдааны төвөөр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийг эдэлнэ.
  1. “Elite Superiority Extension” гишүүнчлэл:
  • Тайландын Хаант Улсад урт хугацаанд амьдрах хүсэлтэй бүх насны хүмүүст зориулсан энэхүү “Elite Superiority Extension” гишүүнчлэлийн картын суурь хураамж нь 1,000,000 тай баат буюу ойролцоогоор 27,000 ам.доллар бөгөөд гишүүнчлэлтэй хамт 20 жил Тайландад оршин суух эрх дагалдана. Түүнчлэн олон улсын нисэх онгоцны буудалд угтуулж, үдүүлэх, Тайландын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, банкны карт нээлгэх, томоохон худалдааны төвөөр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийг эдэлнэ.
  1. “Elite Ultimate Privilege” гишүүнчлэл:
  • Тайландын Хаант Улсад урт хугацаанд амьдрах хүсэлтэй бүх насны хүмүүст зориулсан энэхүү “Elite Ultimate Privilege” гишүүнчлэлийн картын суурь хураамж нь 2,000,000 тай баат буюу ойролцоогоор 54,000 ам.доллар бөгөөд гишүүнчлэлтэй хамт 20 жил Тайландад оршин суух эрх дагалдана. Түүнчлэн 1 жилийн турш (нэг удаадаа 50-80 км) тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх, 24 удаа гольф тоглох, 24 удаа Тай массаж, гоо сайхнаар үйлчлүүлэхээс гадна 1 удаа бүтэн биеийн шинжилгээ өгөх, эсхүл 2 удаа шүдний эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэх, мөн олон улсын нисэх онгоцны буудалд угтуулж, үдүүлэх, Тайландын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, банкны карт нээлгэх, томоохон худалдааны төвөөр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийг тус тус эдэлдэг байна.  
  1. Байх хугацаагаа сунгуулах:

“Энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад богино хугацаанд, аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног визгүй зорчиж байна.

Монгол Улсын иргэд тус улсад байх хугацаандаа эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас тухайн 30 хоногийн байх хугацаагаа 1 удаа сунгуулах боломжтой бөгөөд энэ тохиолдолд дараахь бичиг баримтыг бүрдүүлж, Тайландын Шилжилт хөдөлгөөний газарт өөрийн биеэр хүсэлтээ өгнө. Үүнд:

  • Хэрэв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хэвтэн эмчлүүлж байгааг нотолсон эмнэлгийн бичиг (эмнэлгийн бичигт эмчилгээний үргэлжлэх хугацааг заавал тусгуулна),
  • Элчин сайдын яамны тодорхойлолт, эдгээр болно.

Жич: Элчин сайдын яамны тодорхойлолт авахдаа хүчин төгөлдөр гадаад паспортыг тус улсад үргэлжлүүлэн байх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон өргөдлийн хамт өгч, холбогдох тодорхойлолтыг авна. Дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлсэн Монгол Улсын иргэн Тайландын Хаант Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагад бичиг баримтыг өөрийн биеэр хүлээлгэн өгөх бөгөөд байх хугацааг сунгах үйлчилгээний хураамж 1900 тайланд баат болно.

Хүсэлт өгөх газрын хаяг: “IT SQUARE LAKSI” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлаж байна. Хаяг: C039, C040/3 อาคาร IT Square, Chaeng Watthana Rd, Talat Bang Khen, Lak Si, Bangkok 10210.

Хэрэв Та Тайландын Хаант Улсын бусад хот, мужид байгаа бол тухайн хотын Шилжилт хөдөлгөөний газарт хүсэлтээ хүргүүлнэ.