ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

2025-06-01


Тайландын Хаант Улсад зорчих иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  1. Гадаад паспорт: Гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас доошгүй үлдсэн байх;
  2. Визийн нөхцөл: Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой. Зорчих зорилго, хугацаандаа тохирсон визийн нөхцөлийг урьдчилан шалгах;
  3. Буцах нислэгийн тийз: Тайландаас буцах эсхүл гуравдагч улс руу үргэлжлүүлэн зорчих нислэгийн баталгаажсан тийзтэй байх;
  4. Буудал, байрлах хаяг: Аяллын хугацаанд байрлах зочид буудлын захиалгын баталгаа эсхүл оршин суух хаягийн мэдээлэлтэй байх;
  5. Санхүүгийн баталгаа: Аяллын хугацаанд гарах зардлаа санхүүжүүлэх хангалттай хэмжээний мөнгөн хөрөнгө, холбогдох нотлох баримттай байх, мөн хилээр нэвтрэх үед тодорхой хэмжээний хэрэглээний бэлэн мөнгөтэй байх. Цагаачлалын албаны ажилтан шаардлагатай тохиолдолд санхүүгийн баталгааг шалгаж болохыг анхаарах;
  6. Цахим мэдүүлэг (TDAC): Тайландад ирэхээс өмнөх гурван өдрийн дотор Thailand Digital Arrival Card (TDAC) цахим мэдүүлгийг https://tdac.immigration.go.th хаягаар үнэ төлбөргүй бөглөх;
  7. Зорчих зорилго: Аяллын зорилго, хугацаа, байрлах газар болон бусад шаардлагатай мэдээллийг хил шалган нэвтрүүлэх албаны ажилтанд үнэн зөв, тодорхой тайлбарлах.

АНХААРУУЛГА:

Тайландын Хаант Улсад визгүй зорчих эрхтэй байх, буцах нислэгийн тийз, зочид буудлын захиалга болон хангалттай хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байх нь тус улсын хилээр нэвтрэх баталгаа болохгүй.

 

Гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэх эсэх эцсийн шийдвэрийг тухайн улсын Цагаачлалын алба холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд гаргадаг. Иймд иргэдийг аяллын бэлтгэлээ сайтар хангаж, холбогдох шаардлагыг урьдчилан шалгахыг зөвлөж байна.

Нэмэлт мэдээлэл:

  • Тайландын Хаан болон Хааны гэр бүлд хүндэтгэлтэй хандах,
  • Тайландын хааны гэр бүл, эсхүл тэдгээрийн хөрөгтэй Тайландын мөнгөн тэмдэгт (THB)-ийг үл хүндэтгэх, тухайлбал мөнгөн тэмдэгтийг урах, зурах, гишгэх зэрэг тохиолдолд “Lese Majeste” хуулийн дагуу 3-15 жилийн хорих ял онооно,
  • Хааны ордон болон сүм хийдээр зочлохдоо ханцуйгүй цамц, шорт, жинс, уранхай өмд, богино банзал зэрэг хувцас өмсөхгүй байх,
  • Тайландын Хаант Улсад хүний толгойд хүрэхээс цээрлэх,
  • Хөлийн ул хэсгийг бохир гэж үздэг тул гэр, зарим дэлгүүр, сүм хийдийн үүдэнд гутлаа тайлж орох,
  • Хуруугаар заахыг цээрлэх,
  • Визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тус улсын Гадаадын иргэн, харьяатын албанаас саатуулж, торгууль ноогдуулах бөгөөд торгуулийн хэмжээ нь нэг өдрийн 500 баат (15 ам.доллар),  торгуулийг зөвхөн бэлэн мөнгө (cash)-өөр төлөх шаардлагаатай болохыг анхаарна уу.
  • Мөрийтэй тоглоомыг хуулиар хориглодог тул аливаа хууль бус тоглоомын газраар явахаас зайлсхийх, эдгээр болно.