images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2022-11-14

312

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Праюут Чан-о-ча Камбожийн Хаант Улсад зохион байгуулагдаж буй АСЕАН-ны Дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ АСЕАН-ны гишүүн улсыг цахим эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг уриалав. Тэрбээр тус бүс нутгийн цахим эдийн засгийн салбарын ашиг, орлого оны сүүлээр 360 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг онцлоод, цахим хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээнд боловсон хүчнийг бэхжүүлэх, цахим гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих нь Тайландын Хаант Улс болон АСЕАН-ны гишүүн улсын Засгийн газрын тэргүүний зорилтын нэг байх ёстойг тэмдэглэв. Тэрбээр АСЕАН-ны гишүүн улс цахим хамтын ажиллагааг хөгжүүлснээр коронавируст халдварын дараахь эдийн засгийг сэргээх чухал ач холбогдолтойгоос гадна цахим эдийн засгийн өсөлт, ач холбогдлыг нь харгалзан цахим эдийн засгийг хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй, шударга байдлыг хангахын чухлыг онцлов.

Тэрбээр Тайландын Хаант Улс техник, технологи, ухаалаг цахилгаан бараа үйлдвэрлэгчид болон тээвэр, логистик, хөдөө, аж ахуйн тэргүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын цахим гарааны бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхөд ихээхэн ач холбогдол өгч байгааг илэрхийлээд, бизнесийн цахим үйл ажиллагаагаа нэгтгэх, сайжруулах замаар АСЕАН-ны нэг цонхны үйлчилгээг хөгжүүлэх, сайжруулахаар зорьж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Тайландын Хаант Улс АСЕАН-ны цахим сүлжээ (hub) төслийн хүрээнд харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах, улмаар Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн цахим сүлжээтэй холбох, цаашлаад Тайландын цахим, ухаалаг хот төслийг Дорнын эдийн засгийн коридорт хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцлов.