images

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ТАЙЛАНД УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

МЭДЭЭ

2022-06-09

276

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайланд Улсад зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын хоёрдугаар бага хурал оролцох үеэрээ Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхав. Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндорн нь өөрийн санаачилсан сурагчдын хоолны чанар, шим тэжээл, эрүүл бүтээгдэхүүнээр хангах бичил тогтолцоог бүрдүүлэх төслийг манай улсад эхлүүлж байсан бөгөөд уг төслийг Төв аймгийн Алтанбулаг, Баян, Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ерөнхий боловсролын хэд хэдэн сургуульд хэрэгжүүлсэн юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 358 мянган суралцагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Цаашид Тайландын Эрхэмсэг Гүнжийн санаачилсан “Туслах аж ахуйд суурилсан сургуулийн үдийн хоолыг хөгжүүлэх нь” төслийг өргөжүүлж, хэрэгжүүлэх саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд уулзалтын үеэр хүсэв.

Мөн бага, дунд боловсролыг шинжлэх ухааны аргаар дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн, Тайландын нэр хүнд бүхий Махидолын их сургууль, Чулалонгкорны их сургууль болон Азийн технологийн хүрээлэнд анагаах ухаан, инженерийн чиглэлээр тус бүр 20 монгол оюутан тэтгэлэгтэй суралцуулах зэрэг асуудлаар ярилцлаа.

Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны хувьд Монгол Улсад 1992 онд анх удаа айлчилж, Тайландын Хаант Улсын Хааны гэр бүлийн хамгийн өндөр түвшний зочин болж байсан бөгөөд 2009 онд хоёрдахь удаагаа айлчилж байжээ.