images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ МУЗЕЙД ЗОЧЛОВ

МЭДЭЭ

2022-06-09

229

Тайландын Хаант Улсын Нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын 2 дугаар бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейн Бангкок хот дахь салбарт зочилж, монголын үндэсний оюун ухаан хөгжүүлэх уламжлалт оньсон тоглоомыг гардуулж өгөв. Энэхүү төрөл бүрийн оньсон тоглоомыг соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий уралсан бөгөөд тоглоомыг ирэх 8 дугаар сард Бангкок хотноо болох Үндэсний шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд байршуулахаас гадна алслагдмал аймагт үзүүлдэг шинжлэх ухааны явуулын музейд ашиглах юм.

Эрхэмсэг Хатан хаан Сирикитын санаачилгаар Тайландын Үндэсний шинжлэх ухааны музей байгуулах шийдвэрийг анх 1992 онд гаргаж байсан юм. Тус музей нь шинжлэх ухааны музей, сургалтын төвийн хөгжил болон менежментийг хариуцах үүрэг бүхий Тайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яамны дэргэдэх улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.Үндэсний шинжлэх ухааны музей 2005 оноос эхлэн “Science Caravan and Travelling Exhibitions” буюу шинжлэх ухааны явуулын музей ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ нь интерактив танилцуулга болон үзмэр, арга хэмжээгээр дамжуулан алслагдсанаймагт амьдардаг хүүхэд, залууст зориулан шинжлэх ухаан, технологийг сурталчлах зорилготой ажээ.