images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2022-12-09

336

Тайландын Хаант Улс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус улсад зорчих гадаад улсын иргэдийг хилээр нэвтрэх зөвшөөрөл (Thailand Pass) мэдүүлэх, коронавируст халдвар (КОВИД-19)-ын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагаас чөлөөлж буйг тус улсын Аялал жуулчлалын газраас мэдэгдэв.

Тус улсад зорчих гадаад улсын иргэдийн тоо нэмэгдсэн, коронавируст халдвар (КОВИД-19)-ын шинэ тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан гадаадын иргэдээс тус улсад зорчиход зөвхөн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ, эсхүл тус улсад зорчихоос 72 цагийн өмнө ПГУ шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавьж байна.

Тус улсад 2022 оны 06 дугаар сарын 01-15-ны өдөр нийт 348,699 гадаад улсын иргэд аялал жуучлал болон бусад зорилгоор зорчсон бол коронавируст халдвар (КОВИД-19)-ын өдөрт батлагдаж буй тохиолдын тоо дунджаар 2000-2400 орчим, тухайлбал 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 1735 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Нийтийн эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.

Түүнчлэн тус улсын Нийтийн эрүүл мэндийн яамнаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн олон нийтийн газар, тухайлбал дэлгүүр, албан байгууллага, үзвэр, үйлчилгээ болон нийтийн тээвэрт зорчихоос бусад тохиолдолд амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрсөн бөгөөд үзвэр, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг уртасгаж, холбогдох өөрчлөлтийг оруулаад байна.