ЭЛЧИН САЙД В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Оюу 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал ноён Чаккрит Крайчавонтой уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардууллаа.
Уулзалтын үеэр Элчин сайд В.Оюу хагас зуу гаруй жилийн хугацаанд өргөжин хөгжиж байгаа Монгол, Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа илэрхийлэв. Ёслолын газрын захирал ноён Чаккрит Крайчавон Элчин сайдад амжилт хүсээд, үүрэгт ажлаа эхлүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр хоёр тал ирэх хугацаанд хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээний асуудлаар санал солилцов.
