images

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 77 ДУГААР ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

МЭДЭЭ

2021-04-29

246

НҮБ-ын Ази, Номхон Далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулган 2021 оны 4 дүгээр сарын 26-наас 29-ний өдөр Бангкок хотноо болж өндөрлөв. Цар тахлын улмаас цахим хэлбэрээр болж буй энэ удаагийн чуулган нь “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, “Нийгмийн хамгааллыг тогтолцоог өргөжүүлэх”; “Тогтвортой эдийн засгийг сэргээн босгоход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”; “Харилцаа холбоог бэхжүүлж, нийлүүлэлтийн гинжин холбоог өргөжүүлэх”; “Байгаль орчин хамгааллыг сайжруулах” гэсэн дөрвөн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Чуулганаас Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийн талаар төлөөлөгчид дүгнэлт өгч, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хямралаас хэрхэн гарах арга зам, бодлогын асуудлаар шийдвэр гаргаж, тогтоол батлав. 

Чуулганы эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ цар тахлын улмаас үүссэн “хямралыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээх явцыг хүн төвтэй хөгжлийн бодлоготой уялдуулж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх гаргалгааг “том зургаар” авч үзэх”-ийн чухлыг онцлов. Тэрээр “далайд гарцгүй Монгол Улсын хувьд дэд бүтэц, эрчим хүч, тээвэр нь хөгжлийн тулгуур” гэдгийг тэмдэглэж, “Зүүн Хойд Азийн улсын цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээ, хуваарилалтыг шийдэх эрчим хүчний супер сүлжээ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлээд байгаа”-гаа тус тус дурдсан болно. 

Комиссын чуулганы 4 дүгээр сарын 27-ны өдрийн ерөнхий хэлэцүүлэгт оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, вакцинжуулалтад хамруулах, хямралын үед иргэдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Монгол Улс эдийн засгийг сэргээх, нийгмийн хамгааллын хүртээмжийг нийгмийн бүх салбарт хүргэх чиглэлээр Засгийн газрын зүгээс хүчин чармайлт гаргаж буй ч бүс нутгийн интеграцчилал, тэр дундаа тээвэр, дэд бүтцийн сүлжээг сайжруулах асуудал далайд гарцгүй Монгол Улсын хувьд хурцаар тавигдаж буйг онцлон тэмдэглэв. Мөн чуулганы 3 дахь өдрийн хуралдаанаар НҮБ-ын АНДЭЗНК-ын Тээврийн хорооны 6 дугаар хорооны даргаар ажилласан Монгол Улсын Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хорооны хурлын дүнг Комиссын чуулганы үеэр танилцуулав. 

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эхт Элчин сайд, Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон Далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр Комийссын 77 дугаар чуулганы дэд даргаар ажиллав.