ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, КАМБОЖИЙН ХААНТ УЛС ДАЛАЙН ЭРХ ЗҮЙН ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ХҮРЭЭНД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага (АСЕАН)-ын 48 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтын үеэр тайланд, камбож, филиппиний гурван талт уулзалт болов. Гурван талт уулзалтаар Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анутин Чанвиракүл тайланд, камбожийн хилийн нөхцөл байдал болон “MOU44” гэрээ буюу хоёр улсын давхацсан далайн хилийн маргааныг шийдвэрлэх гэрээг цуцалсан шалтгаанаа тайлбарлав. Тэрбээр хоёр улсын хооронд үүсээд буй маргаантай асуудлыг хамтарсан хилийн хороо болон батлан хамгаалахын хамтын ажиллагааны механизмаар дамжуулан шийдвэрлэнэ гэж мэдэгдээд, талууд “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц”-ын зарчимд тулгуурлан харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад хамтран ажиллахаар харилцан тохиролцсоныг онцлов. Ерөнхий сайд Анутин Чанвиракүл энэхүү гурван талт уулзалтыг хоёр улсын харилцааг тогтворжуулах эерэг алхам гэж үнэлээд, хоёр улсын хооронд үүссэн маргаантай асуудал нь ард иргэдийн бус, Засгийн газар хоорондын асуудал гэдгийг тодотгов.
Эх сурвалж: Nation Thailand