ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МЬЯНМАРТ АЙЛЧИЛНА
Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкэткяв хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Мьянмар Улсад 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр айлчлахаар төлөвлөжээ. Айлчлалын хүрээнд Мьянмарын шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүдтэй уулзаж, сонгуулийн дараахь тогтвортой байдал болон хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна. Мьянмар Улс цэргийн дэглэмээс цэргийн дэмжлэгтэй Засгийн газарт шилжсэнээс хойш тус улсад айлчилж буй АСЕАН-ны гишүүн улсаас хийж буй анхны айлчлал болох аж. Энэхүү айлчлал нь Мьянмарын цэргийнхэн тус улсын удирдагч асан Аун Сан Су Чи болон Ерөнхийлөгч асан Вин Мьинт нарын ялыг хөнгөлсөн тухай мэдээлэлтэй зэрэгцэж байгаа юм. Энэхүү айлчлалыг олон улсын ажиглагчид Тайландын Хаант Улсыг Мьянмарын шинэ Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрч буйн дохио гэж үзэж байна. Хэлэлцээний гол сэдэвт хилийн аюулгүй байдал, цахим залилан зэрэг хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, мөн АСЕАН-ны таван заалт бүхий зөвшилцлийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг шийдвэрлэх зэрэг багтаж байгаа ажээ.
Эх сурвалж: World Thai PBS