СОНГКРАН БАЯРЫН ҮЕЭР ОЙРОЛЦООГООР 30 ТЭРБУМ БААТЫН ОРЛОГО ОЛОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА ГЭЖ ТАЙЛАНДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ДАРГА МЭДЭГДЭВ
Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газрын даргын хэлснээр, 2026 оны Сонгкраны баяр нь тус улсын аялал жуулчлалын салбарт ойролцоогоор 30 тэрбум баатын орлого оруулж, өнгөрсөн онтой харьцуулахад 6 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Бангкок, Чианг Май, Хат Яй зэрэг томоохон хотод дотоодын болон гадаадын жуулчид ихээр зорчиж байгаа нь Сонгкраныг олон улсад танигдсан томоохон наадам болгон сурталчилж буй бодлого үр дүнгээ өгч буйн илрэл гэж үзэж байгаа аж. Бангкок хотын Силом, Каосан, Сиам талбай, Бенжакитти цэцэрлэгт хүрээлэн, Лумпини цэцэрлэгт хүрээлэн зэрэг баяр тэмдэглэх гол газарт олон хүн цугларсан аж. Энэ 4 дүгээр сарын 11-13-ны өдрийн хооронд Бенжакитти цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан Маха Сонгкран 2026 дэлхийн усны наадамд 56,368 тайчууд болон 52,272 гадаадын иргэн оролцсон бол Лумпини цэцэрлэгт хүрээлэнд болсон Сонгкран Санэх урлагийн наадамд 94,000 гаруй хүн оролцсон ажээ. Түүнчлэн Аюттаяа мужид болсон зааны сэдэвтэй баярын томоохон арга хэмжээ нь олон жуулчдын анхаарлыг татсан бол Хат Яй мужид энэ 4 дүгээр сарын 10–12-ны өдрийн хооронд 36,000 гаруй Малайзын иргэн хилээр нэвтэрч, зочид буудлын дүүргэлт 80 хувьд хүрчээ. Сонгкран наадам нь зөвхөн баярын уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй, Тайландын эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг дэмжих чухал хүчин зүйл болж байгааг Аялал жуулчлалын газраас онцолжээ.
Эх сурвалж: Thai PBS World