ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР КАМБОЖИЙН ХААНТ УЛСААС ТАЙЛБАР ШААРДАВ
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анүтин Чарнвиракүл энэ Мягмар гарагийн өглөө буюу 01 дүгээр сарын 06-ний өдөр Убон Ратчатани мужийн хилийн бүсэд гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, Камбожийн талаас харвасан миномётын суманд тус улсын нэг цэрэг шархадсан хэрэгт Камбожийн Хаант Улс нэн даруй албан ёсны тайлбар өгөх ёстой гэж мэдэгджээ. Камбожийн тал уг үйл явдлыг анх “санамсаргүй осол” хэмээн тайлбарласан боловч дараа нь хог хаягдлын цэгт гарсан дэлбэрэлтийн улмаас тэнд үүрэг гүйцэтгэж байсан Камбожийн хоёр цэрэг гэмтсэн гэж мэдээлсэн бөгөөд Тайландын талаас шархадсан цэргийн тухай дурдаагүй аж. Ерөнхий сайд Анүтин Чарнвиракүл Засгийн газрын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хилийн нөхцөл байдлын талаар Засгийн газар байнга мэдээлэл авч байгаа бөгөөд өнгөрсөн сард хоёр улсын гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд тусгагдсан арга хэмжээ, зохицуулалтын дагуу холбогдох байгууллагууд ажиллаж байгааг онцолжээ. Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн яам Камбожийн Гадаад хэргийн яаманд албан бичиг хүргүүлж, энэ Мягмар гарагийн өглөө гарсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйл явдлын талаар тодруулга хийж, албан ёсны дипломат тайлбар ирүүлэхийг хүссэн захидал илгээжээ.
Эх сурвалж: Bangkok Post