images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД КОМИССАР: МЬЯНМАРТ ИРЭХ САРД СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛНА ГЭДЭГ НЬ “ОЙ ТОЙНД БАГТАМГҮЙ ЯВДАЛ”

МЭДЭЭ

2025-11-12

15

Мьянмарт эмх замбараагүй байдалд орж, хүчтэй бөмбөгдөлтөд өртөж, хүний эрхийг зөрчих явдал газар авч байгаа энэ үед ирэх сард чөлөөт, шударга сонгууль явуулах боломжгүй гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд Комиссар энэ Даваа гарагт буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгджээ. Мьянмарын цэргийнхэн 2021 онд төрийн эргэлт хийснээр иргэний дайн эхэлсэн хэдий ч тэд эвлэрлийн боломж болгон сонгуулийг сурталчилж байгаа аж. Эрх баригч хунта нь энэ 12 дугаар сарын 28-ны өдөр эхлэхээр товлосон сонгуулийн санал хураалтыг энх тайванд хүрэх зам гэж сурталчилж байгаа ч санал хураалт босогчдын мэдэлд буй бүс нутагт явагдахгүй бөгөөд олон улсын ажиглагчид үүнийг цэргийн дэглэмээ үргэлжлүүлэх гэсэн далд арга, заль мэх хэмээн үзэж буй. "Харамсалтай нь Мьянмарын нөхцөл байдал хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг хангалттай татахгүй байна. Гэтэл хүмүүс зовж шаналсаар байна" гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд Комиссар Волкер Турк Женев хотноо “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний хэлснээр цэргийнхэн “иргэний орон зайг бүрэн хязгаарлаж, сөрөг хүчнийхнийг баривчилж, сэтгүүлчдийг хөнөөж” байгаа бөгөөд энэ бүхэн нь "энгийн иргэд рүү тасралтгүй хүчтэй бөмбөгдөн довтлож", ялангуяа Ракхайн мужид иргэний дайн үргэлжилсээр байгаа үед болж байна гэжээ. “Ийм нөхцөл байдалд сонгууль явуулах нь төсөөлөшгүй юм” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Эх сурвалж: The Star