АНУ МАЛАЙЗ УЛС, ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСТАЙ ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛЫН ТАЛААР ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ. ЭНЭ НЬ БНХАУ-ЫН ХАМААРЛААС ХАМГААЛЖ ЧАДАХ УУ?
АНУ дэлхийн хамгийн том нийлүүлэгч улс болох БНХАУ-ын газрын ховор металлын экспортын хяналтын улмаас гарах эрсдэлийг саармагжуулах зорилгоор энэ Ням гарагт буюу 10 дугаар сарын 26-ний өдөр Зүүн Өмнөд Азийн хоёр улстай гэрээ байгуулж, хүчин чармайлтаа эрчимжүүлэв. Малайз Улс болон Тайландын Хаант Улстай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь энэ сарын эхээр байгуулсан 8.5 тэрбум ам.долларын АНУ-Австрали Улсын хэлэлцээрийн дараа АНУ-ын автомашин, батлан хамгаалах болон өндөр технологийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчдэд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг нээх ажээ. Гэхдээ эдгээр гэрээ нь түүхий эд АНУ-ын худалдан авагчдад их хэмжээгээр хүрэхээс өмнө боловсруулах хүчин чадлыг хөгжүүлэхэд салбарын дэмжлэг, цаг хугацаа шаардагдах болно гэж Шанхай дахь Фуданы Их сургуулийн санхүүгийн профессор Чарльз Чан хэлжээ.
Гэсэн хэдий ч шинжээчид эдгээр хоёр гэрээ нь удаан үргэлжлэх худалдааны маргааны үед АНУ-ын БНХАУ-аас хамаарах хараат байдлыг бууруулахад тусалж чадна гэж үзэж байгаа аж. Бээжингийн зүгээс чухал ашигт малтмалын экспортоо хэдийнээ хязгаарлаж эхэлсэн ажээ. АНУ-ын нэр хүндтэй судалгааны төв болох Стратеги ба олон улсын судалгааны төвийн мэдээлснээр БНХАУ дэлхийн газрын ховор металлын (чухал ашигт малтмалын нэг төрөл) олборлолтын 70 хувийг, боловсруулах үйлдвэрлэлийн 90 хувийг дангаараа эзэлдэг аж.
Эх сурвалж: Bangkok Post