ЦАХИМ ЗАЛИЛАН, КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ТУХАЙ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН САНАЛЫГ ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ САНАЛ ХУРААЛТААР ДЭМЖИВ
Тайландын Хаант Улс энэ Мягмар гарагт Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болсон Олон улсын парламентын холбооны 151 дүгээр чуулганаар тус улсын санаачилсан үндэстэн дамнасан цахим залилан болон кибер гэмт хэргийн асуудлыг хэлэлцэх тухай саналыг энэ жилийн цорын ганц “онцгой асуудал” байхаар олонхийн саналаар батлав. Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны чуулганаар дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа, сүүлийн үед гарч ирсэн эсхүл өргөн хүрээний үр дагавартай асуудлыг хэлэлцэх зорилготой “онцгой асуудал”-ыг хөтөлбөрийн жагсаалтад оруулахаар санал хураалт явуулжээ. Чуулганы санал хураалтад 100 гаруй улсын парламентын гишүүд оролцсон бөгөөд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер гэмт хэрэг ба ардчилал, хүний аюулгүй байдалд учруулж буй холимог аюул занал” гэсэн Тайландын Хаант Улсын санаачилсан тогтоолын төсөл гишүүдийн гуравны хоёроос дээш буюу олонхийн саналыг авчээ. Энэхүү амжилт нь Тайландын Хаант Улсын парламентын хувьд тус улсын тэргүүлэх ач холбогдол бүхий зорилтыг дэлхийн хууль тогтоогчдын анхаарлын төвд гаргаж чадсан түүхэн ач холбогдолтой мөч болсон аж. Тайландын Хаант Улсын энэхүү санал нь ОУПХ-ны 2025 оны хэлэлцэх асуудлын цорын ганц онцгой асуудал байх юм.
Эх сурвалж: The Nation Thailand