ТАЙЛАНД, ЛАОС ТӨМӨР ЗАМЫН ГҮҮР БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Тайланд, Лаос хоёр улс бүс нутгийн тээвэр, худалдааг нэмэгдүүлэх зорилгоор Нон Кхай болон Вьентьян хотыг Меконг гол дээгүүр холбосон төмөр замын шинэ гүүр барихаар төлөвлөж байна. Одоогийн Тайланд-Лаосын Найрамдлын гүүр нь авто болон төмөр замын хөдөлгөөнийг зэрэг нэвтрүүлдэг тул бөглөрөл үүсгээд байгаа юм. Төлөвлөж буй Хоёр дахь Тайланд-Лаосын Найрамдлын гүүр нь хос төмөр замтай байх бөгөөд энэ нь Тайланд-Хятад болон Лаос-Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээтэй холбогдох юм. Энэхүү санаачилга Тайланд-Хятадын өндөр хурдны төмөр замын мега төслийн нэг хэсэг бөгөөд өдгөө эхний үе шат баригдаж байгаа ажээ. Шинэ төмөр замын гүүрний барилгын ажил 2027 онд эхэлж, 2030 онд ашиглалтад орох төлөвтэй байгаа бөгөөд энэхүү төсөл нь эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн холболтыг ихээхэн нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: The Nation